Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн үүсгэн байгуулсан Монголын балетын үндэсний сургуулиас уралдаан зарлажээ. Тус уралдаанд 60 гаруй сурагч оролцохоор бүртгүүлсэн бөгөөд сонгон шалгаруулалтыг энэ сарын 30-ныг дуустал цахимаар үргэлжлүүлэх аж. Гавьяат жүжигчин, Монголын үндэсний балетын сургуулийн захирал Д.Алтанхуяг, БНСУ-ын “Жин арт” төвийн мэргэжлийн балетын тэнхимийн ахлах багш Д.Одмаа, “Universal” академийн бүжигчин М.Mөнхтуяа, Британийн SB балетын академийн захирал Б.Сарнай, Япон Улсын “S&K” балетын студийн захирал Саяака Ябүта, OIBC NS академийн захирал Maко Нагасаки нар уралдааныг шүүх юм. Уралдааны анхан, дунд ангилал тус бүрийн эхний гурван байрт шалгарсан сурагчдад 2021-2022 оны хичээлийн жилд 20-100 хувийн тэтгэлэг олгоно. Түүнчлэн гурван шилдэг үзүүлбэрийг тодруулан ОХУ-ын “Гришко” брэндийн нэрэмжит шагнал гардуулах юм байна.
Бэлтгэсэн: Э.Хангал