Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Соёлын өвийн үндэсний төвд ажиллах уран бүтээлчдийн төлөөлөлтэй өнөөдөр уулзаж, салбарын хөгжлийн талаар ярилцлаа. Уулзалтад түүхийн үнэт олдвор, үндэсний хувцас, кино урлаг, цахим тоглоом зэрэг салбарын төлөөллүүд өөрсдийн бүтээлийн онцлог, олон улсын зах зээлд өрсөлдөх боломж зэргийг танилцуулсан. Эдгээрээс “Gertoon” анимейшин студийн бүтээл “Мөнх Тунх” бүтээлийг онцолъё. Эл анимейшин нь хүүхэд багачуудын идэвхтэй үздэг үндэсний контент бөгөөд одоогоор 30 анги, хоёр тусгай дугаар, есөн дуу бүтээгээд буй аж. “Мөнх Тунх” анимейшний санаачлагч, зохиолч Ц.Бат-Оргилтой ярилцлаа.
“Мөнх-Тунх” анимейшнаар дамжуулж монгол хэл, зан заншил, түүхийн талаарх мэдлэгийг хүүхдүүдэд түгээдэг. Эл нэрийн талаар уншигчдад тайлбарлаж өгнө үү?
Би 2020 оны тавдугаар сард “Мөнх Тунх” анимейшний санааг олж байсан. Хүүгийн минь нэр Мөнх, энх тунх цагийг бэлгэдсэн Тунх гэх хоёр үгийн нийлбэрээр “Мөнх Тунх” хэмээн нэрлэсэн юм. Мэдээж эл контентоор дамжуулж багачуудад хэрэгтэй мэдээлэл өгөхийг эрмэлздэг.
Эл контентын хүрээнд цаашид хэдэн анги бүтээх вэ?
-100 анги хийх төлөвлөгөөтэй бөгөөд одоогоор зорилгынхоо 30 хувийг биелүүлсэн байна. “Мөнх-Тунх”-ын Мөнх, Тунх, Басар, Цасхан зэрэг дүрүүдийг хүүхдүүдийн сэтгэлд хоногшуулахыг зорьдог. Яг л бидний багадаа үзэж өссөн “Ну погоди”, “Том Жерри” зэрэг хүүхэлдэйн киноны баатрууд шиг.
-Хичээл дээр зүйр цэцэн үг зэргийг хүүхдүүд төвлөрч үзэх нь ховор гэхэд хилсдэхгүй. Харин танай бүтээл зарим эцэг эхийн ч мэдэхгүй баримт, мэдлэгийг хүргэдэг юм билээ. Энэ тал дээр хэр судалгаа хийдэг вэ?
- Багаасаа “Cartoon network”, “Disney”, “Nickelodeon”, “Боролдойн цаг” зэрэг төрөл бүрийн анимейшн үздэг байсан. Энэ нь намайг хүүхэд шиг сэтгэхэд нөлөөлдөг. Өөрөө бүх зүйлээ үзэж, уншиж, зохиолоо бичнэ. Дижитал эрин үе рүү шилжсэн энэ үед хүүхдүүд хүссэн хүүхэлдэйн киногоо цахимаар үздэг. Youtube сувгийн зарчмаар бол дэлхийн хамгийн сайн, шилдэг гэсэн бүтээл л манай орны үзэгч багачуудад хүрдэг шүү дээ. Чанартай, сонирхолтой олон бүтээл үзэж буй хүүхдүүд чанаргүй контентыг голно. Өөрөөр хэлбэл шаардлага өндөртэй болсон гэсэн үг. Тиймээс чанартай бүтээл л хүүхдүүдийн анхаарлыг нь татаж чадна.
-Анимейшнд гарч буй баримтаа хаанаас авдаг вэ?
-Түүх, уламжлалт арга, хичээлтэй холбоотой зүйлсийн талаар 2-3 судлаачаас зөвлөгөө авч, үлгэрийн орноор аялуулах маягаар дундуур нь баримтаа дурддаг.
-Өмнө нь та “Оннц дүмд” анимейшний Дамбажаа ноён, Сандаг зэрэг гол дүрийг бүтээсэн. “Мөнх-Тунх”-д хэний дүрийг бүтээж байна даа?
-Би “Басар”-ын дүрд дуу оруулдаг. Анимейшний дуу оруулалт нь хүүхдийн сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг тул ажилдаа их дуртай. Цаашдаа “Мөнх-Тунх” анимейшнд англи хадмал, дохионы хэл оруулахаар төлөвлөж байгаа.