“Motion Mongolia” олон улсын бүжгийн наадам “Хотын хэмнэл” сэдвийн хүрээнд энэ сарын 26-наас тавдугаар сарын 2-ны хооронд болно. Тус наадмыг Монголын Урлагийн Зөвлөл, Монголын контемпорари балетын хөтөлбөртэй хамтарч цар тахлын үед орчин үеийн бүжгийн урлагийг хөгжүүлэх, мэргэжлийн бүжигчдийн чадавхыг сайжруулах, олон улсын түншлэлийг өргөжүүлэхээр зохион байгуулж буй. Нээлтийн бүжгийг Монголын балетын хөтөлбөрийн бүжиг дэглээч Ё.Дамчаабадгар цахимаар хүргэх юм байна. Мөн “Motion Mongolia” олон улсын бүжгийн наадмын хүрээнд дараах хөтөлбөрийг зохион байгуулна. Үүнд:
-Хотын хэмнэлийг илэрхийлсэн богино хэмжээний видео бичлэгийн уралдаан.
-Солонгосын "Libre Joven" хамтлаг болон Монголын уран бүтээлчдийн хамтарсан “A Meeting Hands” цахим тоглолт.
-“Хотын хэмнэл” Монгол бүжгийн уралдаан.
-Контемпорари бүжгийн сургагч багш Жо Алегадо, Английн Акрам Хан контемпорари бүжгийн компанийн дэглээч Еэн-Чин Лин, Германы Ричард Сийгалын бүжгийн компаниас жазз, мюзиклын багш нар Монголын бүжигчидэд өөрсдийн мэдлэгээсээ хуваалцана.
-СУИС-ийн ахлах судлаач багш, дэглээч М.Мөнгөнцэцэг, “Түмэн эх” чуулгын бүжгийн багш Т.Содгэрэл нар мэргэжлийн бүжигчид болон сонирхогчдод үндэсний бүжиг заана.
-“116” Студийн бүжиг дэглээч П.Баттуул залуучуудад зориулж хипхоп бүжгийн хичээл орох аж.
Эдгээрийг https://www.facebook.com/motionmongolia цахим хуудсаар дамжуулж хүргэх юм байна.