Консерваторын сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн төгөлдөр хуурын нэгдүгээр ангийн сурагч А.Содбаяр, гуравдугаар ангийн Г.Анир, хийлийн тавдугаар ангийн А.Содбилэг нар Румын Улсын нийслэл Бухарест хотод зохион байгуулсан олон улсын уралдаанд амжилттай оролцжээ. Сурагч А.Содбаяр нэг, Г.Анир болон А.Содбилэг нар хоёрдугаар байр эзэлсэн байна. Уралдааныг цахимаар явуулсан бөгөөд мэргэжлийн, сонирхогчдын гэсэн хоёр ангилалд өрсөлдүүлжээ. Манай сурагчид мэргэжлийнхэд ур чадвараа сорьсон аж. Өсвөрийн төгөлдөр хуурчдын багш нь Монголын мэргэжлийн хөгжмийн академийн тэргүүн Н.Мөнхтуяа. Хийлээр суралцагчийнх Монгол Улсын Консерваторын багш С.Мөнхмандах юм байна. Сурагч А.Содбаяр суут хөгжмийн зохиолч В.А.Моцарт болон Австрийн алдартан К.Чернийн зохиолуудыг тогложээ. Багш Н.Мөнхтуяа “Гуравдугаар ангийн сурагч Г.Анир насандаа ахадсан бүтээлийг сайн тогложээ. Л.В.Бетховены “Gdur” сонат, К.Чернийн 24 дүгээр этюдийн аль аль нь тоглоход хэцүү” хэмээсэн юм.