“Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд, найруулагч М.Батболд нар хамтран Монголын театрын урлагийн хөгжлийг шинэ түвшинд гаргах, дэлхийнхтэй эн зэрэгцүүлэх, нийгмийн сэтгэлгээний түвшин, үзэгчдийн оюун санаа, гоо зүй, ёс суртахуун, соён гэгээрлийг нэмэгдүүлэх зорилгоор мэргэжлийн баг бүрдүүлж, “Альфа” пост драмын театр байгуулсныг өмнө нь дурдсан. Тус театрынхан Майк Бартлеттын “Хайр, хайр, хайр”, Карло Гоццигийн “Турандот гүнж”, Мариус фон Майенбургийн “Төгс гоо сайхан” жүжгийг үзэгчдэд хүргэхээр төлөвлөжээ.
М.Батболд дэлхийн утга зохиолын гурван ноён оргил бүтээлийн нэгт тооцогддог “Фауст”-ыг Монголын үзэгчидтэй анхлан “уулзуулж”, УДЭТ-ын тайзнаа “Хайрын виз”-ийг өнөөгийн залууст дахин үзүүлсэн юм. Харин энэ удаа Английн зохиолч Майк Бартлеттын жүжгээр уран бүтээлийнхээ тоог нэмэх нь. Уг бүтээл Хенри, Кеннет хэмээх ах, дүүсийн залуу насны амьдралаас эхэлдэг. Бүхнийг зөв хийж, ээж, аавынхаа сэтгэлийг зовоолгүй амьдрахыг хүсдэг 24 настай Хенри 19 настай Сандратай болзож эхэлжээ. Кеннет бол хуучинсаг байдлыг үзэн ядаж, шинэ, сонирхолтой зүйл рүү тэмүүлдэг, эрх чөлөөт нэгэн. Тэр ахынхаа болзоот бүсгүйг харсан даруйдаа л дурлачихав. Жүжгийн нэгдүгээр үзэгдэлд тэдний адармаат харилцааг өгүүлнэ. Хоёрдугаар үзэгдэлд тэдний идэр насны амьдралыг харуулах аж. Кеннет, Сандра хоёр гэрлэжээ. Тэд Роза, Жемми гэх хүүхдүүдтэй болжээ. Гаднаасаа элэг бүтэн мэт харагдах ч энэ гэр бүлийн харилцаа хэдийн хөрчихөж. Ажил гэсээр тэд хүүхдүүддээ анхаарал тавихаа умартаж, Кеннет ч эхнэрээ хуурсан аж. Улмаар тэд салахаас аргагүйднэ.
Гуравдугаар үзэгдэлд Кеннет, Сандра нарын хижээл насны амьдралыг үзүүлдэг. Тэдний хүүхдүүд нас биед хүрчээ. Гэвч эцэг, эхийнх нь салалт Роза, Жемми нарын амьдралд гүн толбо үлдээсэн аж. Роза өөрийн бүтэлгүй амьдралын бүх бурууг аав, ээждээ тохдог бол Жемми сэтгэл гутралд автсан нэгэн болжээ.
Гурван үзэгдэлт “Love, love, love” жүжгийн зохиолыг Э.Нямдулам монгол хэлэнд хөрлүүлж, ерөнхий продюсероор Т.Ганболд ажиллах юм. Тэрбээр “Би найруулагчаас гадна сэтгэлзүйч мэргэжилтэй. Тиймээс сэтгэл зүйн төрлийн бүтээл найруулахыг хүлээж, хорхойсдог байлаа. Майк Бартлеттын эл жүжгийн зохиолыг Урлагийн гавьяат зүтгэлтэн, УДЭТ-ын уран сайхны удирдагч Н.Ганхуяг багш анх надад санал болгосон юм. Уншаад л таалагдаж, тайзнаа “амилуулах”-аар шийдсэн. Гүн агуулга, санааг их энгийнээр бичсэн зохиол. Нийгмийн сэтгэл зүйг нэгэн гэр бүлийн амьдралаар харуулсан сонирхолтой жүжиг. Хайр дурлал, үзэн ядалт, гэр бүлийн харилцаа гээд олон сэдвийг нэг дор хөнддөг. Нөгөөтээгүүр, хүний мөн чанар, дотоод зөрчлийг уудалдгаараа онцлог. Ялангуяа залуусын дунд гэр бүл салалт ихсэж байгаа энэ үед эл уран бүтээлийг хүргэж, дохио өгөхийг хүссэн” гэв.
Бэлтгэсэн: А.Тайшир