Хүн ам цөөтэй, ажлын байр хомс, орлогогүй шахам учраас цөөнгүй иргэн хөдөөнөөс хотыг зорьж, манай улсын хүн амын талаас илүү хувь нь өдгөө нийслэлд аж төрж байна. Шинэ амьдрал хайсан иргэдийн амьжиргааны түвшин, амьдрах орчин нөхцөл нь хотод ирээд сайжирсан уу. Тэд ямархуу орчин нөхцөлд аж төрж буйг тодруулах зорилготой “Шилжин суурьшигчид” гэрэл зургийн уралдааныг “Нүүх үү, суух уу, судалъя” аяны хүрээнд НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, “Цэгц медиа” групп хамтран зарласан билээ. Хөдөөнөөс хотод шилжин ирсэн хүмүүсийн бодит байдал, тулгамдсан асуудлыг гэрэл зурагт буулгах, нөгөө талаар шилжилт хөдөлгөөнд судалгаатай, мэдээлэлтэй, хариуцлагатай хандахыг иргэдэд уриалах нь эл уралдааны зорилго байв.
“Ковид-19”-өөс сэргийлэх бүх нийтийн бэлэн байдлын үеэр эл уралдааныг цахимаар зохион байгуулсан бөгөөд 50 орчим уран бүтээлч 200 гаруй гэрэл зургаа илгээсэн байна. Тэднээс 33 гэрэл зурагчны 70 орчим бүтээлийг шалгаруулж, цахим үзэсгэлэн дэлгэсэн юм. Тэгвэл уралдааны нэгдүгээр байрт гэрэл зурагчин Э.Есүнгэгийн бүтээлүүд шалгарлаа. Сайхан амьдрал хайж хөдөөнөөс хотод ирсэн иргэдийн аж байдал төдийлөн сайжраагүй, хотын захын хороололд зутруухан аж төрж буйг түүний бүтээлүүд харуулжээ. Тэр хэрээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигджээ. “Орон нутгаас нүүн ирсэн настай улсын олонх нь сургууль, цэцэрлэгт орж чадаагүй ач, зээ нараа харахаар ирсэн байдаг. Хотын захын шороо бужигнасан хашаанд суугаа улс нутгаа санагалзана” гэсэн бүтээлийнх нь тайлбар ч үүнийг илэрхийлэх биз ээ. Уралдааны хоёрдугаар байрт гэрэл зурагчин Ц.Мягмарсүрэн, гуравдугаарт Ш.Гэрэлсайхан, тусгай байрт Д.Баттулга нар шалгарчээ.
Бэлтгэсэн: М.Оч