Улс орны соёлын түвшинг тодорхойлдог зүйлийн нэг бол урлаг. Урлагаар хүмүүнийг соён гэгээрүүлж бас болно. Угаас соён гэгээрүүлэгч гэдэгт урлагийнхан хамаатай болохыг тайлбар толь бичгүүдэд олонтаа дурдсан байдаг. Урлагийнхан ч өөрсдийгөө соён гэгээрүүлэгч хэмээн тодотгох хачин дуртай. Иймээс урлагийнхан иргэдийг соён гэгээрүүлэх үүрэгтэй. Ард түмэн соёл урлагаар дамжуулж сайхан мэдрэмж авч, зарим нь соён гэгээрдэг жамтай. Тэгвэл манай урлаг соёлыг түгээгч, соён гэгээрүүлэгчид эл үүргээ биелүүлж чадаж байна уу. Үгүй л болов уу. Гүтгээгүй шүү. Ингэж хэлэх үндэслэл байна.
Үнэндээ сүүлийн хэдэн жил манай соёл урлаг дорвитой хөгжихгүй, гэгээлэг бүхэн багасаж, хар бараан зүйлийг сурталчлах хандлагатай боллоо. Урлагаар дамжуулж, олон нийтэд сайн сайхан үлгэр дуурайл үзүүлж, иргэдийн оюун санаа, сэтгэлд гэгээ нэмэх учиртай урлагийнхны соёлын дархлаа суларч, навс унажээ. Соёлын дархлаа сул байна гэсний учир нь зарим дуучид, уран бүтээлчид гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хар тамхи хэрэглэж, бусдыг садар самуунд уруу татаж, нийгэмд буруу хандлага түгээж байна.
Өөрөөр хэлбэл, болж бүтэхгүй бүхэнд нэр холбогдож, иргэдийг соён гэгээрүүлэх бус, бухимдуулахад хүргэх боллоо. Олон нийтийн сүлжээнээс та бүхэн урлаг, соёлын оддын дээр дурьдсан шиг буруу зүйлд өдөөн турхирсан гэмээр бичлэгийг бишгүй л үзсэн биз. Жишээлбэл, дуучин Т.Дэлгэрмөрөн гэр бүлийн хэрүүл, маргаан, хүчирхийллээ олон нийтийн сүлжээгээр цацсан. Нэг биш, бүр нэлээд хэдэн удаа шүү. Олон нийт дуучны гэр бүлийн бичлэгийг үзэх бүртээ хоёр талцаж, муудалцаж, бухимдаж, зарим нь охидыг нь өрөвдөж шогширдог. Тэд энэ мэтээр нийгэмд сөрөг нөлөө үзүүлж, буруу жишиг тогтоох болов. Уг Т.Дэлгэрмөрөн шиг ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн соён гэгээрүүлэгч гэж хэлж болохоор хүний хувьд гэгээлэг бүхний түүчээ байх боломж нь бүрэн бий. Харин тэр хэрүүл, маргаан, хүчирхийлэл зэрэг хар бараан зүйлсийг иргэдэд харуулсаар. Хүний амьдрал эрээнтэй бараатай. Ээдрээтэй, болж бүтэхгүй асуудал олон тохиолдож болно. Гэхдээ биднийг урлагаар дамжуулж соён гэгээрүүлэх үүрэгтэй мань дуучин, гэр бүлийнхээ дотоод хэрүүл маргаанийг олон нийтэд цацаж иргэдийг “хүчирхийлэх” нь ёс зүйд хэр нийцэх бол. Бодох л асуудал. Өөр жишээ дурдая. Залуу уран бүтээлчид “Аавыгаа зарна” гэсэн зарыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зориудаар цацаж иргэдийг бухимдуулав. Уг үйлдлээ киноны сурталчилгаа байсан мэтээр тайлбарлаж, цагдаа шалгавал шалгана л биз ухааны зүйл ярьж байгаа харагдсан. “Аавыгаа зарна” гэдэг Монгол хүний сэтгэхүй, ой тойнд буухааргүй зар. Орчин цагийн зарим залууст хүн наймаалж болох юм байна гэсэн ойлголт төрүүлэхүйц, жихүүцэм үйлдэл. Тэдгээр одонцор үүнийгээ ойлгохгүй өөрсдийгөө зөвтгөж, тайлбар тавьж байгаа нь тэнэглэл. Уран бүтээлдээ цензур тавихгүйгээр л шууд түгээж, олон нийтийг бухимдуулж буйгаа урлаг, тэр дундаа соён гэгээрүүлж байна гэвэл том эндүүрэл биз. Үлгэр дуурайлтай байх учиртай уран бүтээлчид энэ мэт буруу жишиг тогтоож байгаа нь харамсалтай. Соён гэгээрүүлэх үндсэн үүргээ умартсаны тод илрэл.
Ер нь соён гэгээрүүлэгчид өөрсдөө соёлын дархлаагаа алдчихаад байгаа юм биш үү. Соёл урлагийнхан соёлоо үгүйсгэж, бүсгүй хүн дээлээ нөмгөн нөмөрч суугаад дэлгэцээр ярьж, охид бүсгүйчүүд дээл сугалдаргалан өмсөж, кинонд дүр бүтээж, уламжлалт өв соёл, зан заншлаа үл тоож байна. Залуус тэднийг дуурайж уламжлалаа үгүйсгэх хандлага цухалзаж, гаднын кино, урлагийг шүтэж, тэдний соёл ахуйд их автаж байгаа нь илт анзаарагдах боллоо. Тиймээс соёл, урлагийнхан бусдыг соён гэгээрүүлнэ гэхийн оронд өөрсдөө эхлээд соён гэгээрч, соёлын дархлаагаа бэхжүүлэх хэрэгтэй болов уу.
Уран бүтээлчид соёл, түүхээ тодорхой хэмжээнд мэддэг, зөв хандлага, харьцаатай байхыг аль ч нийгэмд шаардаж байдаг. Тэр хэрээрээ залуу, хойч үеэ төлөвшүүлэхэд урлагийнхан гол нөлөө үзүүлдэг. Эцэст нь хэлэхэд соёлын дархлааг бэхжүүлэхэд төр засгаас нэгдсэн бодлогоор дэмжих нь зүйтэй. Урлагийн тогоонд харьяалагддаг хүн бүр нийгэмд соёлыг түгээгч байдаг. Иймээс иргэдийг соён гэгээрүүлэх бус бухимдуулж байгаад урлагийнхан өөрсдөө дүгнэлт хийж, нэгийг бодно биз ээ. Товчхондоо, Соёл урлагийнхны соёлын дархлаа навс унажээ. Ийм тохиолдолд иргэдийг соён гэгээрүүлэх тухай яриад ч яах вэ дээ , урлагийнхан минь.