Монгол Улсын Гавьяат жүжигчин, НҮБ-ын элч дуучин Т.Ариунаа Хэлмэгдэгсдийн хөшөөний гадна өчигдрөөс суулт зарлаж эхлэв. Юуны төлөө тэмцэж, ямар учраас ийн суугаагаа тэр тодорхой хэлсэн учраас давтаж нуршаад яах вэ. Хавар авхай олон аашаа гаргаж, тэнгэр нэг цэлмэж, нэг бүрхэж, нойтон цас хаялна. Нэг тийм ёозгүй хуйсгануур өдрүүд үргэлжилсээр. Ийм л үед тэр суулт хийж таарлаа. Цас улам лавсаж, жавар илүү их тачигнасан ч дуучин эмэгтэй суултаа үргэлжлүүлсээр. Харуй бүрий болсон ч харья гэж хэлсэнгүй. Шөнөжин нэг дороо сууж, хаяахан босож дороо хөнгөн дэвсэлж, гутлаа хавсран товшиж, хүйтнийг тэвчиж, сууж боссоор ургах нартай золгов. Дахин хэдэн шөнө өдөр ийн гадаа хонохыг нь хэлж мэдэхгүй юм. Битгий л удаасай билээ. Өнгөн дээрээ тэр нөхрийнхөө төлөө, гэр бүлийнхээ тэмцэж байгаа мэт боловч, цаад углуургаараа хүний эрх, эрх чөлөөний төлөө тэмцэж буй. 2011 оноос хойш түүний нөхөр Г.Буяндоржийг таван удаа саатуулж, нийт 409 хоног цагдан хорьжээ. Мөн хамаг хөрөнгийг нь битүүмжилж, дансыг нь хааж, компанийг нь хураан авсан байна.
Нөхрийг нь хорьсон өдрүүдтэй давхцан Т.Ариунаа хөлөө гэмтээж, хэдэн сар хэвтэрт байсан тухайгаа ярьж байна. Оонын эвэр шиг хоёр бяцхан хүү нь аавыгаа асууж, уйлагнахад нь дуучин бүсгүйн хөл бус, сэтгэл нь хамгийн их эмзэглэж байсан гэх.
Гэсэн ч тэр сэтгэлээ чангалан, хөл дээрээ босож, амьдралаа, хоёр хүүхдээ нуруун дээрээ тээсээр тайзнаа эргэн ирсэн. Ар гэрийн асуудлаас гадна, алдарт хүрсэн хэн бүхний өмнүүр урсдаг атаа жөтөө хэмээх голыг туучиж, нөгөө захад нь тэр гарч чадсан. Тэр хөдөө орон нутгаар аялан тоглож, хотын шүтэн бишрэгчдэдээ ч дуу хоолойгоо хүргэсээр гунигтай 10 жилийг гунилгүй үдсэн. НҮБ-ын тайзан дээрээс тэр дэлхийд дуу хоолойгоо хүргэсэн. Хамаг зовлонгоо сэтгэлдээ нууж, 10 жил тэвчиж амьдарчээ. Урлагийн тайзнаа урд өмнө нь ч, одоо ч тод гялалзаж яваа энэ эмэгтэй сүүлийн 10 жилийн турш гашуун зовлон амссанаа ийн илэрхийлж, ард түмэндээ анх удаа хандлаа. Энэ удаа тэр өөрт тохиолдсон зовлонгоо бусдад бүү тохиолдоосой гэсэндээ өнгөрсөн он жилүүдэд хэрхэн хэлмэгдэж, хохирсноо олонд ил болголоо. Тэр амьдрал тохиолдсон бүхнээ хав дараад, хавийн хүнд зарлахгүйгээр аж төрж чадна. Гэхдээ түүний туулсан шиг шударга бус явдал өөр эмэгтэйд тохиолдож болохыг тэр ухаарсан. Үүнийг хүсээгүй учраас Т.Ариунаа шударга бусын хонгилыг нураахаар босож ирэв. Хань нөхрийнхөө тулах хана болов. Тэр уянгалаг, бас намбалаг, заримдаа цоглог. Энэ удаа тэр гал мэт асаж, бүр дүрэлзэж эхлэв. Галаар наадсан бүхэн төгсгөлдөө шатаж дуусдаг гэдэг дээ. Магад, түүний оронд өөр эмэгтэй байсан бол энэ амьдралыг сөрөх биш, бууж өгөх байсан биз ээ.