Энэ онд тохиох УДЭТ-ын 90 жилийн ойг угтан Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Гомбосүрэнгийн нэрэмжит “Монолог-2021” шилдэг дүрийн уралдаан зохион байгууллаа. Уран бүтээлчдэд бие дааж ажиллах, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, ганцаарчилсан болон хувийн үзүүлбэртэй болох боломж олгох, чанартай бүтээлийг цахимаар үзэгчдэд хүргэх зорилготой уг арга хэмжээ хоёр дахь удаагийнх юм. Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан цахимаар явуулсан эл уралдаанд оролцогчид зургаан хүртэлх минутын хугацаатай үзүүлбэрийнхээ бичлэгийг шалгаруулалтын комисст ирүүлснийг Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж болон Н.Ганхуяг, найруулагч Ч.Түвшин нарын бүрэлдэхүүнтэй зөвлөл шүүж, шилдгүүдийг тодруулжээ. Өнөө жилийн уралдаанд О.Гэрэлсүх, Ц.Баясгалан, М.Тогтохжаргал, Б.Одончимэг, Б.Шинэбаяр нарын 25 жүжигчин дэлхийн сонгодог болон үндэсний бүтээлийн монологоор оролцов. Тодруулбал, УДЭТ-ын анхны “Ромео” О.Гэрэлсүх У.Шекспирийн “Лир ван” жүжгийн Лир ванд хувирсан бол нэг хүний жүжгийн төрлийг Монголын театрын урлагт шимтэгсдэд ойртуулсан жүжигчин Ц.Баясгалан Б.Галааридын “Тэнгэрийн аялгуу”-гийн ээж “болсон” юм. Сонгодог жүжгүүдийн Нора, Эсмеральда, Анна Каренина зэрэг дүрээр үзэгчдэд эчнээ танил болсон Н.Баярмаа У.Шекспирийн “Отелло” жүжгийн Дездемона, Г.Алтангэрэл Д.Маамын “Гишгэх газаргүй хөл”-ийн Төр-Энхийн дүрээр өрсөлдөв. Түүнчлэн эртний Грекийн эмгэнэлт жүжгийн хаан гэгддэг Эврипидийн “Медея”, хүн төрөлхтний анхны роман “Гэнжийн туульс”, У.Шекспирийн “Гамлет”, Ф.Г.Лоркагийн “Цуст хурим”, А.П.Чехо
вын “Цахлай”, А.Н.Островскийн “Инжгүй хүүхэн”, М.Ю.Лерментовын “Багт наадам”, Э.Войничийн “Овод”, С.Батлерын “Агуу жүжигчинтэй хийсэн ярилцлага”, Д.Намдагийн “Ээдрээ”, Б.Галааридын “Шар тэнгисийн тарчлаан” зэрэг бүтээлийн дүрүүдээр уран бүтээлчид авьяасаа сорив.
“Монолог-2021” уралдааны тэргүүн байрт Б.Шинэбаяр Д.Намдагийн “Ээдрээ” жүжгийн Мөнх-Очирын дүрээр шалгарлаа. Тайз, дэлгэцийн уран бүтээлийг хослуулж яваа түүнийг үзэгчид “Ромео, Жульетта”-гийн Ромео, “Жаргаагүй нар”-ын Нацагдорж, “Надтай үлдээч”-ийн Хосбаяр зэрэг жүжгийн дүр, “Хязгааргүй”, “Аав”, “Учрал”, “Атганд үлдсэн эрдэнэ”, “Цагаан хадаг”, “Хуримын даашинзтай бүсгүй” киноны гол дүрд тоглосноор нь андахгүй. Уралдааны дэд байрт С.Жаргалсайханы “Жамух” жүжгийн Жамухын дүрээр жүжигчин О.Майдарравжаа шалгарчээ. Тэрбээр УДЭТ-ын тайзан дээр 2019 онд Ц.Балдоржийн “Хайрын виз” жүжгийн гол дүрээр анхлан гарч, өнгөрсөн онд 15 дахь удаагийн “Гэгээн Муза” олон улсын театрын наадмын хоёр хүний жүжгийн төрөлд шилдэг найруулагчаар тодорсон. Уралдааны гутгаар байрыг жүжигчин Д.Асардарь эзэлсэн бөгөөд Еврипидийн “Медея” жүжгийн гол дүр, С.Жаргалсайханы “Чингис хааны нууц түүх”-ийн Хулан хатны дүрээр өрсөлдсөн юм. Тусгай байрт жүжигчин Г.Алтангэрэл Д.Маамын “Гишгэх газаргүй хөл” романы Төр-Энх, залуу жүжигчин Г.Номин-Эрдэнэ А.П.Чеховын “Цахлай” жүжгийн Нина Заречнаягийн дүрээр шал-гарчээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг “Монолог бол тухайн зохиолын утга санаа, дүрийн ертөнц, дотоод зөрчил, бодлыг илэрхийлэх гол түлхүүр. Тиймээс Г.Гомбосүрэн агсны нэрэмжит шилдэг дүрийн уралдаанд энэ жил монологийг онцолсон. Шилдгээр тодорсон бүтээлүүдийг УДЭТ-ын цахим хуудсаар үзэгчдэд хүргэнэ” гэв.