Л.Ванган, Дашням нарын “Тожоо жолооч”-ийн Шийнэн, Ч.Ойдовын “Далан худалч”-ийн салга ноён, И.Тылийн “Страконецийн хөөрөгт цоорчин”-ы Шванд, А.Штейны “Хувийн хэрэг”-ийн Степан, Ч.Чимидийн “Босгон дээр”-ийн Лувсан, “Сэтгэлийн дуудлагаар”-ын Төмөр, Д.Мягмарын “Найрын ширээний ууц”-ын Дорж, Д.Намдагийн “Ээдрээ”-гийн Сономбаатар, У.Шекспирийн “Отелло”-гийн Отелло, Ч.Чимид, Л.Ванган нарын “Түмний нэг”-ийн Чинбат, С.Ермалинскийн “Цаг өөр болжээ” жүжгийн Ленин зэрэг тайз, дэлгэцийн олон арван бүтээлийн дүрийг үзэгчдийн сэтгэлд хоногштол “урласан”, Төрийн шагналт, Ардын жүжигчин Цэрэндэжидийн Гантөмөр хэмээх эрхэм хүмүүнийг “Дурсахуй” буландаа онцолж байна.
Ц.Гантөмөр 1935 онд Архангай аймгийн Хашаат сумд мэндэлжээ. Сумынхаа дунд сургуульд сурч, сурагч ахуйдаа шүлэг уншдаг, аймаг, сумын урлагийн үзлэгт оролцдог, хөдөлгөөнтэй хүү байж. Түүнийг Д.Базаргүр багш (сүүлд сэтгэл судлалын ухааны доктор, профессор болсон) нь “Урлагийн сургуульд ор” гэж ятгасан ч эмч болохоор Хүн эмнэлгийн техникумд элссэн аж. Ингэж шийдсэн нь багадаа өнчирч, зовлон үзсэн болохоор хүнд буян үйлдэх юм сан гэсэн хүслээс нь үүдэлтэй гэдэг. Ингээд 17 настайдаа “ганган” Содов гэж хүний “ЗИС-5” машины тэвшин дээр суун нийслэлийг зорьжээ. Болоогүй, өвөртөө 50 төгрөгтэй.
ЭРС ШИЙДСЭН НЬ
Хүн эмнэлгийн техникумд суралцаж байхдаа Л.Ванганы лекцийг санаандгүй сонссон нь түүний амьдралыг эрс өөрчилжээ. Тэрбээр энэ тухайгаа “Намхан нуруутай, махлаг, бор хүн уран бүтээл, жүжигчдийн тухай мөн ч сайхан ярьж билээ. Тэр лекцийг сонсоод л жүжигчин болохоор шийдсэн” хэмээн дурсамж сөхөж байв. Жүжигчин болохоор шийдээд тэрбээр Улсын драмын театрыг зориглон зорьжээ. Театрын хаалгаар ороод хамгийн эхэнд “Уран сайхны удирдагч” гэсэн өрөө таарахаар нь шагайтал Л.Ванган гуай сууж байв. Шуудхан явж ороод л жүжигчин болмоор байгаагаа хэлэхэд нь халгаасангүйд “Та хүнд жүжигчин болох хүсэл төрүүлчихээд” гээд хошуугаа унжуулахад “За тэгвэл юу чаддагаа үзүүл” гэж. Тэрбээр “Үнэн” сонин дээрээс харж, цээжилсэн Д.Сэнгээгийн “Өвгөн партизаны яриа” шүлгийг уншлаа. Энэ шүлгийг сурагч байхдаа зөндөө уншчихсан, бараг “цайны” ганц нь шахуу болчихсон хэрэг. Яг тэр үед гаднаас нэг хүн орж ирсэн нь найруулагч С.Галсанжав гуай байв. Тэд хоорондоо “Энэ хүүд “юм” байна” гээд оросоор ярьж л дээ. Ц.Гантөмөр Дотоод явдлын яамны хурандаагийн дэргэд өссөн болохоор орос хэл гадарладаг, тэдний яриаг ойлгочихов. Ингээд “Хэд хоногийн дараа 15 хүнээс шалгалт авна. Чи ирж өгөөрэй. Тэнцвэл авъя” гэжээ. Ийн шалгалтад нь тэнцэж, 1954 оны дөрөвдүгээр сарын 25-нд Ц.Гантөмөрийг Улсын драмын театрын дагалдан жүжигчнээр авсан даргын тушаал гарчээ.
НЭРГҮЙ ДҮРИЙН ЭЗЭН
Ажилд ороод удаагүй байхад нь театрынхан амарч, А.Таяа дарга түүнийг манаачаар тавьчихав. Таньдаг хүн таарах вий гэж тухайн үед тэрбээр хэрэндээ л нэрэлхдэг байсан гэнэ. Гэтэл манаач хийгээд сар гаруй болж байтал урлагийн баярт оролцохоор орон нутгаас өчнөөн олон хүн иржээ. Тэдний дотор одоогийн Ардын жүжигчин, дуучин Б.Зангадаас авхуулаад авьяаслаг олон залуу байсан аж. Түүнийг харчихаад “Яасан залуухан манаач вэ” гээд л шоолдог байсан гэдэг. Бас нэг удаа “Театр галлах нүүрс дуусчихлаа. Түлээнд яв” гээд хуучин ачааны машин гаргаж өгөөд, нэг цэргээр жолооч хийлгүүлээд явуулсан байна. Байн байн дугуй нь хагараад, замдаа тэд их хөглөсөн гэсэн. Дараахан нь “Том дарга нар театрт ирж жүжиг үзэх гэнэ” гэхэд шал хүртэл угааж байлаа” хэмээн Ц.Гантөмөр гуай “Улаан байшин”-гийн босго давсан үеэ дурссан нь бий. Тэрбээр Ч.Лодойдамбын “Өөрийн замаар” жүжгийн нэр ч байхгүй туслах дүрээр театрын тайзнаа анх гарчээ. Сандарсандаа үг нь гарахгүй, хөдөлж ч чадахгүй, арайхийж дуусгаад тайзнаас буухад нь Ардын жүжигчин Б.Лоовой түүнийг дагуулан Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Гомбосүрэнд шавь оруулсан түүхтэй. Зургаахан настайдаа өнчин хоцорсон түүнд жинхэнэ хүн байх амьдралын ухааныг Г.Гомбосүрэн багш нь заажээ. Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд “Би 1973 онд Н.Островскийн “Инжгүй хүүхэн” жүжгийн Ларисагийн дүрээр театрын тайзнаа анх гарсан юм. Үнэхээр гайхалтай, эмэгтэй жүжигчин бүрийн мөрөөддөг дүр дээ. Харин Паратовын дүрийг Ц.Гантөмөр ах бүтээсэн. Уран бүтээлийн гараагаа мундаг уран бүтээлчтэй тоглож эхэлсэндээ олзуурхдаг” хэмээсэн.
ДҮРИЙГ “ӨМСДӨГ” ЖҮЖИГЧИН
1954 оноос хойш алтан тайзнаа “амьдарсан” тэрбээр үндэсний болон дэлхийн сонгодог 100 гаруй жүжгийн гол ба туслах дүр, дэлгэцийн 20 гаруй бүтээлд дүрээ мөнхөлжээ. Тухайлбал, М.Горькийн “Шаарлагдсан хүмүүс” жүжгийн Барон болон Васька Пепиль, В.Вышневскийн “Үхэвч үнэн ялна” жүжгийн халуун цочмог, зоримог шийдэмгий дүр усан цэрэг Алексей, “Кремлийн цаг” жүжгийн Рыбаков, А.Арбузовын “Эрхүүд болсон явдал” жүжгийн Сергей, У.Шекспирийн “Отелло” жүжгийн Отелло, Б.Брехтийн “Галилейн амьдрал” жүжгийн Галилейн дүр нь өдгөө ч театрын урлагт дурлагсдын дунд яригдсаар буй. Түүнчлэн үндэсний жүжгийн зохиолчдын бүтээлийн олон дүрийг сэтгэлд хоногштол, чинээнд нь тултал “амилуулсан” билээ. Тэрбээр дотоод сэтгэхүй, чин эрмэлзлэлээр дүрээ хөглөн бүтээж, зан төрхийг нь бүх талаас нь тунгаан боловсруулж, авьяас, хөдөлмөр гэрэлтсэн утга төгөлдөр жүжиглэлтээрээ үзэгчдийг байлдан дагуулдаг байв. Тиймдээ ч нэгэн цаг үед амьдарч байсан зохиолч, найруулагч нар билиг авьяасыг нь хүндэлж, хөглөгдөж, түүнд зориулан олон гайхамшигт дүрийг бичсэн биз ээ. Ингэж л 1966 онд цэл залуухан 30 насандаа Гавьяат жүжигчин, 1981 онд Ардын жүжигчин цолоор энгэрээ мялааж, 1990 онд “Ээдрээ”, “Галилейн амьдрал”, “Найрын ширээний ууц” жүжгийн дүрүүдээрээ Төрийн шагнал хүртэж байв. Ардын жүжигчин П.Цэрэндагва “Театрт Ц.Гантөмөр, Л.Жамсранжав, Г.Гомбосүрэн, Т.Цэвээнжав нарын үлгэр дуурайл болсон уран бүтээлчтэй хамт ажиллаж байсан сайхан үе надад бий. Яг үнэндээ тэр хүмүүстэй “барилдаж”, тэднээс суралцаж байж л би жүжигчин болсон” гэсэн бол түүний 80 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурлын үеэр Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандорж “Ц.Гантөмөр бол дүрийг эсгэх биш, дүрийг “өмсдөг” жүжигчин байлаа” гэсэн удаатай.
Монголын дэлгэцийн урлагт ч Ц.Гантөмөр тод мөрөө үлдээсэн юм. “Анх удаа кинонд олны хэсэгт тоглохоор боллоо. Цэрэг хувцас өмсөөд, буу бариад, дүрдээ орчихсон, хөөрчихсөн явав. Гүйж яваад найруулагчийн “Нуувчинд” гэсэн тушаалаар ойролцоох нүх рүү үсрээд л орчихлоо. Тэгсэн ард нэг хүн “ Ёо ёо ёо” гээд л уйлж байна. Эргээд хартал залуухан хүү “Нэг ахын бууны жаданд хатгуулчихлаа” гээд цус болсон бөгсөө үзүүлдэг юм. Тэрийг харчихаад би жигтэйхэн айсан. Юун дүрдээ орох, баатарлаг цэргийн дүр бүтээх манатай. Байн байн эргэж хараад л, хамт зураг авхуулж байсан хүмүүстээ “Хөөе, чи наад жадаа цааш нь. Хүүе, хол бай” гэсээр байгаад таарсан” хэмээн анхны дүрээ сүр жавхаатай бүтээх мөрөөдөл нь бүтэлгүй болсон талаар хууч хөөрч байлаа. Түүний дэлгэцийн урлагт бүтээсэн “Манай аялгуу”-гийн оюутан, “Хүний мөр”-ийн Чинбат, “Сэтгэлийн дуудлагаар”-ын Төмөр, “Мандах нарны туяа”-гийн Бат зэрэг дүр нь Монголын кино урлагийн мөнхийн бүтээлүүдийн нэг болж, цэл залуугийнх нь дүр төрх, эрч хүч, авьяасыг гэрчлэн өвлөгдсөн билээ.
СУИС-ИЙН АНХНЫ БАГШ
Ц.Гантөмөр ардчилсан хувьсгалын дараа “Орчин үе” театрын урилгаар “Эмээ нар гэрлэсэн нь” жүжгийн Абдулов, “Нийгмийн санаа”-гийн Мангал дарга, “Сандрал”-ын үйлдвэрийн дарга Ваанчиг, “Эцсийн шийд”-ийн Сүжигт гүн зэрэг дүрийг бүтээж, Абдуловын дүрээрээ “Гоо марал” шагнал хүртэж байв. Мөн 1990 онд СУИС бие даан байгуулагдахад анхны багш нарын нэгээр ажиллажээ. Жүжиглэх урлагийн туршлагаа залуу, хойч үедээ заан сургаж, өвлүүлэх ажлыг 25 жилийн турш хийсэн тэрбээр олон уран бүтээлчийн үлгэр дуурайл байсан юм. Түүний шавь, найруулагч Ц.Батнайрамдал “Мөрөөдлөөр жигүүрлэсэн бидний хэдэн нөхөд Ардын жүжигчин Ц.Гантөмөрийн шавь болсондоо хөөрцгөөж байлаа. Багш маань хар бага наснаасаа өнчрөл, хагацлын гашуун зовлон үзэж, амьдралын түмэн бэрхшээлийг биеэр туулсан болоод ч тэр үү, орчлонгийн эрээн бараан, худал, үнэний ялгаа, заагийг дэндүү сайн мэднэ. Тиймдээ ч зохиолын задаргаагаа дулимагхан хийсэн нэгэнд багштай нүүр тулна гэдэг хамгийн хэцүү даваа байлаа. Зохиолын ганцхан үгийн утгыг л гүн гүнзгий судлаагүй юм уу, эсвэл далд санааг нь анзаараагүй өнгөрөх төдийд багш мэдчихээд “Их юм унш. Үз. Судал” хэмээн захидаг байлаа. Бид Ардын жүжигчин багштайгаа Улсын хүүхэд, залуучуудын театрт сонгодог жүжгээ тоглож, театрын урлагийн аугаа ертөнц рүү багшийнхаа хөлөрсөн гарыг атган анх хөл тавьсан. Энэ бол 1994 он байсан юм” хэмээсэн.
ЭЭЖИЙН ХҮҮ, ӨНӨР БҮЛИЙН ТЭРГҮҮН
Тэрбээр Хүн эмнэлгийн техникумд суралцаж байхдаа анхны эхнэртэйгээ гэрлэж, дөрвөн хүүхдийн эцэг болсон ч амьдралын эрхээр хоёр тийш болжээ. Харин түүний гурван хүүхдийн эх, удаах эхнэр нь насан туршийнх нь хань байлаа. Гэргийгээ “Маам” гэж дууддагаа “Ээжээсээ амсаж чадаагүй хайрыг хань минь надад өгсөн болохоор ингэж дууддаг юм” хэмээн тайлбарлаж байв. 2006 онд Ц.Гантөмөр Хөдөлмөрийн баатар цол хүртжээ. Тэрбээр “Төрийн ордонд олон шагнал авахдаа “Цэрэндэжидийн Гантөмөр” гэж дуудуулж чадсандаа бахархаж явдаг. Аав минь сахил хүртсэн хүн байсан болохоор ээжийг бие давхар болгочихоод бусдад мэдэгдэхгүйн тулд хөндий байж. Харин ээж минь чинээлэг айлын, тогтсон гэр бүлгүй охин байсан юм билээ. Тиймээс л би ээжээрээ овоглодог. Би ээжийгээ муу хэлүүлэх дургүй. Муу хэлсэн хүнийг би ёстой баллана” хэмээж байв. Бүтээсэн дүрүүд, хөдөлмөрөө төрд үнэлүүлчихээд тэрбээр “Миний жүжигчин мэргэжил, бурхнаас өгсөн их хувь заяа намайг энэ зэрэгт хүргэлээ” хэмээсэн нь ч бий. Мөн “Хэдийгээр дүр бүхний цаана Гантөмөр байдаг ч уг дүрийн мөн чанарыг гүйцэд олж харвал сайн бүтээх эхлэл. Нэг дүрийн төлөө ядарч зовохын алийг тэр гэх вэ. Өнөөдөр нэг дүрд тоглолоо гэхэд маргааш огт өөрийг бүтээх сонголт ирнэ. Өмнөх дүрийн алхаа гишгээ, яриа хөөрөө бие, сэтгэлд хэвээр байтал төрөл арилжихтай адил юм болно гэсэн үг. Жүжигчин хүн зохиолд буй дүрийг бүтээхэд өөрөө бие, сэтгэлээрээ “түүхий эд” нь болдог” хэмээж байв. Тэрбээр мэргэжилдээ ингэж л шунан дурладаг байж.
Их урлагт нэгэн жарныг элээж, эзэгнэж явсан их хүмүүн гэнэн залуу Чинбат, энэрэнгүй, омголон Отелло, ухаант Галилейн дүрээрээ үргэлж дурсагдах нь дамжиггүй.
Бэлтгэсэн: А.Тайшир