Эхийн элбэрэл, хайрыг магтcан олон арван дуу бий. Тэдгээрээс нэгийг онцлон, төрсөн түүхээс нь хуваалцъя. Гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэгийн дуулсан “Будан суухаас нь өмнө” уран бүтээлийн шүлгийг Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазар бичиж, аяыг Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров зохиожээ.
Бороо шивэрч цэцэг дэлгэрлээ ч намар л болно доо
Буян дэлгэж ээжий минь байлаа ч нас нь өтөлнө дөө
Үүл нь нөмөрч цас нь хөглөрлөө ч хавар л болно доо
Өндөр тэнгэр үүлэндээ нуугдах шиг ээжий минь өтөлнө дөө
Будан суухаас нь өмнө тэнгэрээ аргадъя
Буурал нөмрөхөөс нь түрүүлж ээжийгээ хайрлая...
Саяхан дуучин Ж.Алтанцэцэг цахим хуудсандаа эл дууны клипийг байршуулж “2003 оны зун Увс аймгийн Түргэн сумд байдаг Цүнхэгийн амралтын газарт энэ зургийг авхуулж байлаа. Мөнх цастай уулын бэлд хүрхрээн дунд хоёр цаг гаруй сууж зургаа авхуулчихаад босох гэтэл чаддаггүй. Хамаг бие хөлдсөн мэт л санагдсан. Тэр үед “Яана даа” л гэж бодсон. Ханьтайгаа танилцаад найман жил үрийн зулай үнэрлээгүй байсан би яг дээрх явдлаас жилийн дараа хөөрхөн хүүтэй болсон. Мөнх цастай уулсын авшиг хүртсэн болохоор зөв явж, зүг чиггүй болохгүй юм сан гэж хичээдэг” гэж бичжээ.
Ж.Алтанцэцэгийн ханийнх нь авга ах “Ээждээ зориулж дуу бүтээмээр байна. Түүнийгээ чамаар дуулуулъя. Юуны төлөө дуучин бэртэй билээ” гэжээ. Энэ яриагаа ажил хэрэг болгохоор тэд яруу найрагч Ш.Гүрбазартай уулзсан аж. Түүнд Увс нутгийн эгэл эмэгтэй болох ээжийнхээ тухай ярьж өгчээ. Нэлээд удаан ярилцаж суусны дараа Ш.Гүрбазар найрагчид
“Будан суухаас нь өмнө тэнгэрээ аргадъя
Буурал нөмрөхөөс нь түрүүлж ээжийгээ хайрлая” гэсэн мөрт “орж иржээ”. Эндээс уг дууны нэр ч тодорхой болсон аж. Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар “Энэ хоёр мөрийг “олоод” их баярласан. Одоо ч их дуртай. Үргэлжлүүлэн бичихдээ Увс нутгийн буурал ээжид зориулах дуу учраас тэр зүгийн зан заншил, үг хэллэгийг шингээе гэж бодсон” гэв. Шүлэг бэлэн болсны дараа хөгжмийн зохиолч Н.Жанцанноровыг зорьжээ. Тэрбээр дуучин Ж.Алтанцэцэгийн хоолойны цар хүрээг гайхуулахуйц атлаа гайхалтай аялгууг бүтээж өгсөн байна. Уг бүтээлийн хөгжмийн найруулгыг Н.Баярхүү гүйцэтгэсэн аж. Тэрбээр “Ж.Алтанцэцэг эгчийн “Мандах наран”, “Торгоны хээ” зэрэг уран бүтээл багтсан ардын дууны цомгоо гаргахад нь хамтарч байв. Гэсэн ч монгол ахуй, монгол ээжийн сэтгэлийг илэрхийлсэн шинэ дууны, гол нь Н.Жанцанноров гуайн зохиосон бүтээлийн найруулгыг надаар хийлгэнэ гэхэд эхэндээ айсан. Түүний аялгуу, санааг эвдэхгүйг их хичээж ажилласан” гэлээ.
Дууны клипийг “G entertainment” бүтээж, 2003 оны намраас сонсогчдод хүргэжээ. Ж.Алтанцэцэг энэ дуугаа олон тоглолт, арга хэмжээнд дуулж байсны дотор 2006 онд Өвөр Монголын “Одон” телевизийн Цагаан сарын баярын нэвтрүүлгээр үзэгчдэд хүргэжээ. Дараа жил нь түүнийг ӨМӨЗО-ы Хайлаар хотод олон улсын уралдаанд оролцохоор очиход эл дууг хүмүүс хэдийн мэддэг, дагаж дуулдаг, сонсох дуртай болсон байсан аж.
Бэлтгэсэн: А.Тайшир