Өнгөрсөн арваннэгдүгээр сард нээлтийг нь хийхээр төлөвлөсөн ч цар тахлын улмаас хөл хорио тогтоосонтой холбогдуулан үзэгчдэд хүргэж амжаагүй “Алтан судал” киноны талаар танилцуулъя. “Монгол HD” телевиз болон ХБНГУ-ын “Basis Berlin filmproduktion”-ы хамтын бүтээл болох энэхүү киног Д.Бямбасүрэн найруулсан юм. Үзэгчид түүнийг “Хул морь”, “Ингэн нулимс”, “Шар нохойн там”, “Эзэн богдын хоёр загал” зэрэг бүтээлээр нь эчнээ мэднэ.
Тус киноны продюсер Эва Кэмм “Д.Бямбасүрэн уран бүтээлийн багаа маш өвөрмөцөөр бүрдүүлдгээс гадна хоёр өөр ертөнцийг хооронд нь холбох онцгой авьяастай. Бид хүргэхийг хүссэн гол санаагаа орхигдуулалгүйгээр олон орны үзэгчид үзэж болохуйц бүтээл туурвихыг зорилоо. Тиймээс ч нийгэмд байнга тулгардаг сэдвүүд дээр илүү төвлөрч ажилласан гэж хэлж болно. “Алтан судал”-аас үзэгчид өөрийн тусгалаа олж харахын сацуу оюундаа дүгнэлт хийгээсэй гэж хүссэн. Хийцийн хувьд кино бүхэн өөр өөр арга барил шаарддаг. Бид ч өөрийн гэсэн онцлог, хүчирхэг хэв маягтай найруулагчийг хайдаг. Эл шаардлагынхаа дагуу энэ удаа түүнийг сонгосон. Олон орны уран бүтээлчид хамтарсан учраас продюсерын хувьд тус бүрээс нь юуг авч болох, яавал хамтдаа төгс зохицох вэ гэдгийг их бодсон доо. Онцгой нэгэн бэрхшээл тулгарсан нь Монголын хөдөө нутгийн зам харгуй, цаг ууртай дасан зохицох явдал байв. Жишээлбэл, зураг авах бэлтгэлээ базаахдаа зорьсон газар маань хэр хол вэ гэхээс илүүтэйгээр цаг агаар нь ямар байгааг тооцох хэрэгтэй болсон” гэлээ.
11 настай Амараа хүү аав Эрдэнэ, ээж Заяа болон охин дүү Алтаагийн хамт Монголын хөдөө нутагт аж төрнө. Заяа сүү цагаа бэлдэж, Эрдэнэ авто засварчнаар ажиллахын зэрэгцээ эхнэрийнхээ бэлтгэсэн цагаан идээг зах дээр худалддаг байлаа. Гэтэл тал нутгийн алтанд санаархсан уул уурхайн компаниуд болон алтны хууль бус олборлогч болох “нинжа” нар тайван сайхан амьдралыг нь бусниулж эхэлнэ. Төд удалгүй ан амьтан дайжиж, амар суух аргагүй болов. Эрдэнэ энэ бүхнийг эсэргүүцэж, компанийн зүгээс амласан мөнгөнд хуурталгүй, эх нутгаа хамгаалж үлдэхийг нутгийнхандаа уриалах ажээ. Тэд төрсөн нутагтаа үлдэхийг илүүд үзэх бөгөөд хүч тэнцвэргүй энэ тэмцэлд тэвчээр гаргаж буй түүхийг өгүүлсэн “Алтан судал” кинонд Герман, Австрали, Араб, Монгол зэрэг улсын уран бүтээлчид хамтран ажилласан бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сард 70 дахь удаагийн Берлиний кино наадмын үеэр үзэгчдэд анхлан хүргэжээ.
“Алтан судал”-ын гол дүрүүдэд жүжигчин Н.Ялалт, Б.Бат-Ирээдүй, Т.Энэрэл нар тогложээ. Эл уран бүтээлийнхээ талаар жүжигчин Н.Ялалт “Д.Бямбасүрэн найруулагч энэ бүтээлээ олон жилийн өмнөөс хийхээр хүсэж байсан ч бэрхшээл тулгарч, төслөө зогсоох хэмжээнд хүрсэн гэж сонссон. Харин түүний хүсэл хоёр жилийн өмнө биеллээ олж, 2018 оны наймдугаар сард бид киноны зураг авч эхэлсэн. Зургийг Төв аймгийн Заамар, Булганы Бүрэгхангай сум, Улаанбаатар хотод авсан” гэв. Киноны туслах дүрүүдэд Гавьяат жүжигчин У.Батбаатар тэргүүтэй Ш.Даваасамба, М.Саранцэцэг, С.Ариунбямба, С.Батзориг, Б.Алимцэцэг нарын чадварлаг жүжигчин тоглосон байна.
Бэлтгэсэн: А.Тайшир