Олон улсын баримтат киноны хамгийн том наадамд тооцогддог Амстердамын, IDFA-ийн дундаж хэмжээний бүтээлийн ангиллын тэргүүн шагналыг сэтгүүлч Л.Номингийн “Хүрд” (The Wheel) кинонд олгожээ. Л.Номин уг киноны зохиолыг бичиж, найруулан, мөн продюссерээр нь ажилласан байна. Шүүгчид уралдааны дүн танилцуулах ёслолын үеэр “Энэ нь дэлхийн хамгийн танигдаагүй газар дахь амьдралын эмзэг байдлын тухай өгүүлсэн бүтээл юм. Нэг улсын талаарх баримтат өгүүлэмж хэдий ч ганцаардал, нийгэм, эдийн засгийн шударга бус байдлын тухай хүн төрөлхтний нийтлэг асуудлыг хөндөн гаргажээ” хэмээн онцолсон байна.
Олон улсын нэр хүндтэй наадамд бүтээл нь түрүүлсэн уран бүтээлчтэй ярилцлаа.
- Кинонд юун тухай өгүүлдэг вэ?
- Манай улсад амиа егүүтгэх үзэгдэл жилээс жилд нэмэгдэж байгаа нь анхаарал татсан асуудал болж байгаа талаар хөндсөн юм. Хүмүүс юунаас болж ийм байдалд хүрч байна, амиа хорлох хүртлээ хэр их зовж, шаналдаг, ер нь шалтгаан нь юу вэ гэдэгт хариу хайх цаг болжээ. Энэ нь улс орны маань нийгэм, эдийн засгийн байдал доройтож, хүний эрхүүд зөрчигдож, шударга ёс үгүйлэгдэж байгаатай холбоотой гэж үздэг сэтгүүлчийн хувиар үзэл бодлоо дүрстэй, зураглалтайгаар үзүүлэхийг хүссэн, зорьсон юм.
-Ямар хугацаанд бүтээв?
- Хэдэн жилийн өмнө эхэлсэн ажлаа энэ жил дуусгалаа. Материал цуглуулах, судлах, бодож, боловсруулах, гол дүрүүдтэйгээ уулзаж, улмаар зохиол, кино болгоход хугацаа зарцуулсан.
- Яагаад энэ сэдвийг хөндөх болсон бэ?
Манай оронд амиа егүүтгэх үзэгдэл жилээс жилд өсөн нэмэгдсээр байна. 2018 оны статистик мэдээллээр Монголд дунджаар өдөр бүр нэг хүн хорвоог өөрийн сонголтоор орхин одож байна. Амиа егүүтгэсэн тохиолдлуудын албан бүртгэл аль ч оронд доогуур байдаг. Энэ нь амиа егүүтгэх нь, ярьдаггүй, хэлдэггүй сэдэв байдгаас гадна үлдсэн хүмүүст, ар гэрийнхэн, найз нөхдөд нь асар их сэтгэлийн шаналал, гэмшил үлдээдэгтэй холбоотой. Хэвшмэл стереотип үзэл бодолтой ч хамаатай. Манайд ч ялгаагүй, бүртгэгдээгүй тохиолдол олон байдаг. Иймээс салбарын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Монгол улс бол амиа егүүтгэх үзүүлэлт өндөртэй орон. Хүмүүс ирээдүйгээ харж чадахгүй болтлоо, өнөөдрөө залгуулж чадахгүй болтлоо зовж туйлдан, гутарсаар амьдрах уу, үхэх үү гэдэг сонголтын өмнө ирээд, хоёр дахь хувилбарыг онилж, энэ хорвоог чимээгүй орхих нь байж боломгүй. “Хүрд” кино нь энэхүү эмзэг сэдвийг хөндөхдөө нийгэм, эдийн засаг, шударга ёс, хүний дотоод сэтгэлийн хэмнэл, үнэт зүйлс, ижилсэл, мөрөөдөл, зан заншил, шашин шүтлэг гээд хүн дотор байдаг тэр олон барилдлагыг зах зухаас нь уудлан ойлгох, хуваалцах оролдлого юм.
- Хүрд гэдэг нь сүм, хийдэд байдаг хүрд үү?
- Тийм ээ. Хүрдэн хэлхээт хорвоод хүний амьдрал, үхэл, сонголт, улмаар хүн бүр ч хоорондоо холбоотой. Амьдрал, үхэл ээлжилдэг. Хүрд эргэж л байна. Иймээс хүн болгонд сонголт байдаг шиг хүн болгонд итгэл, найдвар байх ёстой. Бид нэг л хүрдээр холбогдсон хорвоод мөр зэрэгцэн амьдарч байгаа улс. Тиймээс хүнд байдалд орсон нэгнээ гадуурхах, чичлэх, тойрон зугтах нь хүний ёсноос гадуур явдал гэдгийг бас илтгэж байгаа юм.
- Монголдоо гаргалгүй, шууд олон улсын наадамд илгээжээ?
- Тийм ээ. Кино хийж дуусах үед Амстердамын кино наадамд бүтээл бүртгэж авч байсан юм. Киногоо илгээсэн. Тэгсэн манай кино IDFA-н уралдаант хэсэгт шалгарчихлаа. IDFA кино наадам 10-аад категори, уралдаант хэсэгтэй юм билээ. Уралдаант хэсэг болгонд 12 бүтээл шалгарч. “Хүрд”-ийн шалгарсан дунд хэмжээний киноны ангилалд Трештикова, Куадри гэх мэт нэртэй, цуутай найруулагчдын бүтээл өрсөлдсөн. Ийнхүү “Хүрд” кино нь IDFA наадамд оролцож байгаа Монгол уран бүтээлчдийн анхны бүтээл болоод барахгүй, тэргүүн шагналыг Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрөө аваад бид их бэлгэшээсэн. Энэ бол манай багийнхны хамтын амжилт. Кино хийхэд хамтран ажилласан багийнхан маань гар нийлж, нэгэн зүгт харж зүтгэсэн сайхан залуус. Зураглаачаар З.Батбилэг, М.Төрманлай, эвлүүлэгчээр Ш.Ихбаяр, хөгжмийн зохиолчоор морин хуурч Д.Шинэцог-Гени, дууны найруулагчаар Г.Батхүү нар ажилласан.
-Өмнө нь кино найруулж байв уу?
-Үгүй. Анхны ажил. Сэтгүүлч учраас тодорхой сэдвээр видео контент хийдэг л дээ. Мөн бусдын кино төслүүдэд судлаач, орчуулагч, зохиолын зөвлөх зэргийн ажил хийж байсан. Харин анх удаа кино бүтээлээ. Киноны маань олон улсын нээлт Амстердамд өнгөрсөн сарын 21-нд XX зууны эхээр байгуулсан маш гоё театрт болсон. Кино наадам 6-ны өдөр өндөрлөсөн.
-Амжилт хүсье. Та бүхэнд нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг дэлгэцийн бүтээлийн аргаар хөндөж, цувралаар үргэлжлүүлэхийг ерөөе.
-Баярлалаа.