Сүүлийн хоёр жилд эх орондоо болон олон улсад амжилт гаргасан өсвөрийн, үндэсний болон сонгодог хөгжимчдийн нэгдсэн “Виртуозо гала концерт” энэ сарын 17- ны үдэш Улсын филармонид болох аж. Гарамгай уран бүтээлчдийн хэмээн тодотгодог уг тоглолтыг “Виртүс академи” төрийн бус байгууллагаас зохион байгуулдаг. 2001 оноос эхтэй, эдүгээ 18 дахь удаагаа үзэгч, сонсогчдод хүргэх гэж буй уг концертод энэ удаа зөвхөн хөгжимчдийг урьснаар онцлог.
Дэлхийн хөгжмийн урлагт онцгой байр суурьтай П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XVI уралдааны дуурийн дуулаачийн хэсгийн шилдэг концертмейстерээр шалгарсан төгөлдөр хуурч, Консерваторын багш Б.Бат-Эрдэнэ, Шанхайн Консерваторт магистраар суралцах хугацаандаа Бүх Хятадын залуу хуучирчдын уралдаанд тэргүүлсэн Э.Цэндсүрэн, БНСУ-ын Үндэсний урлагийн их сургуулийг виолончельч мэргэжлээр төгсөж ирээд Улсын филармони, ДБЭТ-т ажилллаж буй Т.Энхмаа нарын шилдгийн шилдэг хөгжимчид нэгэн тайзнаа тоглохоор бэлтгэж байна. Өсвөрийн хөгжимчид мөн амжилтаар арвин. Хийлийн ангийн сурагч Э.Хануй, виолончелийн ангийн М.Нарансоёмбо нар өнгөрсөн наймдугаар сард Британид зохион байгуулсан олон улсын хөгжимчдийн онлайн уралдааны алтан медалийн эзэд болсон. Төгөлдөр хуурын ангийн сурагч Г.Амина хэдхэн хоногийн өмнө Италийн Милан хотод өндөрлөсөн олон улсын хөгжимчдийн онлайн уралдаанд III байр эзлэв. Улсын их урлагийн, тэр дундаа хөгжмийн урлагийн хөгжлийн өнгийг тольдох гоцлол хөгжимчид дэлхийн суутнуудын бүтээлийг сонордуулна. Монголын хөгжмийн зохиолчдоос Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноровын дуулаачийн хөгжмийн бүтээл болох романсуудаас морин хуурч Н.Жигжиддорж, төгөлдөр хуурч Э.Намуун нар сонсгох ажээ.