Энэ оны эхний хагасын байдлаар 60 гаруй хүн усанд осолдсоны олонх нь 15-20 насныхан аж. Бас нэлээд тооны хүүхэд багачууд эндсэн тухай, ялангуяа баяр наадмын өдрүүдэд Баян- Өлгий аймагт нэгэн гэр бүлийн зургаан хүн нуурын усанд амь эрсэдсэн талаарх эмгэнэлт мэдээг сонсоод уншигч түмэндээ санамж, зөвлөмж болоосой хэмээн энэ бяцхан бичвэрийг тэрлэлээ.
Эртний монгол сударт “Газарт ойчсон хүн газраа тулж босъюу, ус руу ойччихсон (живсэн) хүн усаа түшиж босох боломжгүй бөгөөд аргагүй” хэмээн бичжээ. Тийм учраас хүмүүн төрөлхтөн дээр үеэс гол, мөрөн, нуур, цөөрөм, далай, тэнгисийн усанд хөл алдаж унах, живэх үед тухайн хүний гараас биш, толгойн үс (гэзэг, халимаг), хоёр чихнээс нь татан гаргаж, аврах боломжтойг өвөг дээдэс, үр хүүхдүүддээ багаас нь хэлж, хэвшүүлж иржээ.
Усанд унасан осолдогчийг хэрэв гар, хөлөөс нь татвал живж буй бие нь тулах цэггүйгээс аврах гэсэн ачтанаа татаад, хамт эрсдэх аюултай. Үүний баримт, нотолгоо нь иргэн надад 1958 онд тохиолдсоныг зон олондоо зөвлөмж, туршлага болоосой хэмээн ийнхүү дурсамжлан бичив.
ЗХУ-ын Москва хотын П.В.Плехановын нэрэмжит Улс ардын аж ахуйн дээд сургуулийн захиргаанаас нийтийн хоолны факультетийн III дамжааны цөөн тооны оюутныг Хар далайн Сочи хотын “Приморьскай” зочид буудлын ресторанд хоёр сарын хугацаатай ажиллуулахаар шалгаруулж байлаа. Үүнд оюутан Т.Дашдэлэг би тэнцэж, тэнд ажиллах аз тохиож билээ. Оюутан бид амралтын өдрөө Хар далайд сэлэн, хаялгана элсэн дээр нь биеэ наранд шарж өнгөрөөдөг байв
Би амралтын нэгэн өдөр усанд улам сайн сэлж сурахаар хорхойсож, хоёр хөлдөө резинэн сэлүүр бэхэлж уяад, далайн гүн рүү сэлж явтал зүүн хөлийн шөрмөс татсан юм. Далайн гүн усанд живж өөд болох дөхсөн эгзэгтэй агшинд хамт амарч явсан Л.Шнитман, Вл.Лебедов найз нар минь миний гараас биш, толгойн үс, чихнээс зулгаан татсанаар нэгэн монгол иргэний амийг аварсан билээ. Орос, жүүд хүний гүйлгээ, сийрэг ухаан, хүүхэд байхдаа эцэг, эх, ахмад үеийнхнээ хэлж сургасныхаа дагуу тэд тал нутгийн намайг ийнхүү аварсан. Тэднийхээ өгөөмөр тусаар би өдгөө 90 настан болох дөхөж байна.
Т.Дашдэлэг Үйлчилгээний гавъяат ажилтан, хоол хүнсний инженер-технологич