Цахим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр онлайн худалдаа газар аваад байна. Гэвч сүүлийн үед онлайн захиалгын залилах гэмт хэрэг цагдаагийн байгууллагад олноор бүртгэгдэх болжээ. Энэ он гарснаас хойш цагдаагийн байгууллагад залилах гэмт хэрэг 5910 удаа бүртгэгдсэн байна. Үүний 3674 буюу 62.2 хувийг цахим залилан эзэлж буй бөгөөд 1131 нь онлайн захиалгатай холбоотой байжээ. Цахим залилагчид хүний хэрэгцээт бараа, бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээс хямдаар санал болгох, өндөр хувьтай хямдрал зарлах гэх мэтээр хүмүүсийг татдаг байна. Мөн нөөц дуусаж буй учраас яаравчлаарай, төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд хүргэлт үнэгүй гэх мэтээр “өгөөш” шиддэг гэнэ. Тиймээс захиалсан бараа, бүтээгдэхүүнээ хүлээн аваагүй тохиолдолд төлбөрөө шилжүүлэхгүй байх, эзэмшигч нь хэн гэдэг нь тодорхой, албан ёсны сайт болон хуудас, хувь хүнээс бараа, бүтээгдэхүүнээ захиалж авахыг цагдаагийн байгууллагаас анхааруулав. Түүнчлэн тухайн хувь хүний мэдээлэл, вэб хуудас нь албан ёсных мөн, эсэхийг сайтар нягтлахыг сануулсан юм.
Бэлтгэсэн Ч.Туяа