Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн уулзвар орчимд буюу өмнө нь Худалдаа, хөгжлийн банк байсан газарт шинээр барилга барьж буй “Риверстөүн пропертийз” ХХК сүүлийн хоёр жил орчмын хугацаанд их хэмжээний хөрсний усыг борооны ус зайлуулах шугам хоолойгоор урсган хаяж, байгалийн нөөцийг үнэгүйдүүлж байгаа талаар Усны газраас мэдээлсэн билээ. Тус компанийнхан 2022 оноос хойш багадаа 5.7 сая шоо метр усыг хууль бусаар шавхаж, холбогдох байгууллагуудаас удаа дараа хүргүүлсэн шаардлагад хариу өгөлгүй үл тоож ирснийг ч мэргэжилтнүүд мэдээлсэн бөгөөд зөрчил дутагдлаа арилгахын оронд Засгийн газрыг шүүхэд өгөөд буйг өнгөрсөн хавар олон нийтэд зарласан юм. Тэгвэл эл асуудалтай холбоотой шүүх хурал өнөөдөр 13.30 цагт нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд болох нь. Дээрх барилгын компани шүүхэд нэхэмжлэл гаргасан атлаа товлосон хугацаанд хуралд оролцохгүй удаа дараа хойшлуулж, хугацаа хожиж буйг Усны газрын дарга З.Батбаяр хэлж байв. Тэгвэл өнөөдөр болох шүүх хуралд Худалдаа хөгжлийн банк болон шинэ барилгын гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Риверстөүн пропертийз” ХХК-ийн төлөөллийг ном ёсны дагуу оролцохыг тэрбээр уриаллаа. Шүүх хурал хойшилж, сунжрахын хэрээр хий дэмий урсгаж буй хөрсний ус үлэмж хэмжээгээр нэмэгдсээр буй гэнэ. Иймд нийслэлчүүдийг усаа хайрлаж, Худалдаа хөгжлийн банкныхныг шүүх хуралд “шахаж” оролцуулахад хувьд нэмэр болохыг нийгмийн сүлжээгээр дамжуулан хүсжээ. Тэрбээр “Бидний тогтоосноор энэ барилгыг барьж буй хүмүүс гурван жилийн хугацаанд 22 хийн шахуурга (насос) тасралтгүй ажиллуулж, нийт зургаан сая шоо метр ус шавхаад байна. Энэ нь Улаанбаатар хотын 1.5 сая иргэний хоёр сарын усны хэрэглээтэй тэнцэхүйц нөөц. Нүүрсний хамгийн том уурхай жилд 1.8 сая шоо метр ус шавхан ашигласныхаа төлбөрт хоёр тэрбум төгрөг төлдөг. Тэгвэл энэ газар зургаан сая шоо метр ус шавхан зайлуулаад ганц ч төгрөг төлөөгүй, төлөхгүй гээд сууж байгаа төдийгүй Монгол Улсын Засгийн газрыг шүүхэд өгсөн” гэв.
Бэлтгэсэн Н.Мишээл