Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих долоо хоног өчигдрөөс эхэллээ. Эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн холбооноос санаачилсны дагуу жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийг ийн тэмдэглэдэг билээ. Энэ жил “Ялгааг арилгая, бүх эхчүүдийг хүүхдээ эхийн сүүгээр хооллохыг дэмжицгээе” уриан доор тэмдэглэх гэнэ. “Хүүхдээ сүүгээр хооллох нь нийгмийн ялгааг арилгах гол хүчин зүйл болдог” гэж НЭМҮТ-ээс онцоллоо.
Тодруулбал, хүүхдээ эхийн сүүгээр хооллох нь нярайд төдийгүй ээжийнх нь эрүүл мэндэд чухал ач холбогдолтой аж. Тухайлбал, ээжийг хөхний болон умайн хүзүүний хавдраас сэргийлдэг. Мөн ясны сийрэгжилт, зүрх, судасны өвчлөлөөр өвдөх эрсдэлийг бууруулж, хүүхдийн сэтгэхүйн хөгжлийг дэмждэг гэнэ.
Сүүлийн үед хүүхдийг хуурай сүүгээр хооллох нь түгээмэл болсон. Энэ нь хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар Японы “Нийгата” их сургуулийн Эрүүл мэнд, хоол тэжээлийн тэнхимийн профессор, ЖАЙКА-гийн төслийн зөвлөх Нобүко Мүраяама “Дархлааг дэмжих олон аминдэм эхийн сүүнд агуулагддаг. Харин хуурай сүүнд дархлаа дэмжих гол аминдэм байхгүй. Хуурай сүүнээс хүүхэд илчлэгээ бүрэн авч чадна. Гэхдээ дархлааг дэмжих аминдэм огт байхгүй” хэмээсэн юм.
Бэлтгэсэн А.Дөлгөөн