Монголд сүүлийн зургаан жилийн хугацаанд хамгийн олон иргэн нь жуулчилж ирсэн 10 орныг аялал жуулчлалын байгууллагуудаас танилцуулав. Жагсаалтын эхний таван байрт Орос, Хятад, Өмнөд Солонгос, Казахстан, Япон Улс орсон байна. Тодруулбал, энэ хугацаанд өмнөд хөршөөс хамгийн олон буюу 701 426, хойд хөршөөс 486 677, Солонгосоос 393 013, Казахстанаас 74 371, Японоос 74 138 иргэн аялал жуулчлалын зорилгоор Монголд иржээ. Харин сүүлийн байруудад Америк, Герман, Беларусь, Тайвань, Турк эрэмбэлэгдэж буй аж.
Оросууд манай улсын аялал жуулчлалын үзүүлэлтэд голлох байр суурь эзэлсээр ирсэн нь статистикаас харагдаж байна. Цар тахлын өмнөх үед тус улсаас жилд дунджаар 100-140 мянган аялагч хүлээн авдаг байж. Харин корона вирусийн үед энэ тоо 12-29 мянга болтлоо буурсан бол 2022 онд 153, 2023 онд 213 мянгад хүрч өсжээ. “Ковид-19”-өөс өмнөх хоёр жилд дунджаар 165 мянга гаруй хятад жуулчин хүлээж авсан бол үүнээс хойших гурван жилд 5-13 мянгын хооронд хэлбэлзэж, өнгөрсөн онд 108 мянгад хүрсэн гэнэ. Солонгос жуулчдын тоо сүүлийн үед эрс нэмэгдэж буй бөгөөд 2023 онд 139 мянган аялагч ирсэн нь цар тахлын өмнөх үеийнхээс 37.7 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Аялал жуулчлалтай холбоотой өөр нэг сонирхолтой баримт дурдахад, статистик тайлан, бизнес мэдээллийн Statista.com сайт дэлхий дахинд хамгийн үнэ цэнтэй, аялалд их хэмжээний мөнгө зарцуулдаг жуулчдын эрэмбийг гаргасан байна. Үүнийг хятад, америк, герман жуулчид тэргүүлж, британи, франц, канад, итали, энэтхэг, орос, солонгос иргэд удаалжээ. Тодруулбал, хятадууд 2023 онд олон улсын аялал жуулчлалд 196.5, америкчууд 150, германчууд 111.9, британичууд 110.3, францчууд 49 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлжээ. Хамгийн “чинээлэг” жуулчидтай 10 улсаас дөрөв нь манай орны аялал жуулчлалд голлох байр суурь эзэлж байна.
Бэлтгэсэн Н.Мишээл