Манай улсад зам, тээврийн ослоор жилд 500 гаруй хүн нас барж байна. Урин дулааны улиралд зам, тээврийн осол эрс нэмэгддэг бөгөөд сүүлийн үед ноцтой осол цөөнгүй гарсныг Тээврийн цагдаагийн алба (ТЦА)-наас мэдээлэв. Уржигдар гэхэд Дархан-Уулаас Орхон аймаг орох замд ноцтой осол гарч, нэг хүн амиа алджээ. Тодруулбал, улсын начин Ө.Батзул Орхон аймгийн наадамд оролцохоор бүртгүүлэх гэж яваад зам, тээврийн осолд өртөж амиа алдсан юм. Хэргийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Сум дундын цагдаагийн газарт шалгаж буй бөгөөд ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байгаа аж.
ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Очирбат “Өнгөрсөн долоо хоногт зам, тээврийн ноцтой осол хэд хэд гарсан. Нийт ослын 70 орчим хувь нь орон нутгийн замд бүртгэгдсэн. Мөн хамгаалах бүс зүүгээгүйн улмаас амиа алдах тохиолдол цөөнгүй гарч байна. Хүүхдэдээ хамгаалах бүс зүүлгэхгүй, өвөр дээрээ суулгах, арын суудалдаа хийлдэг гудас, ор дэлгэж хэвтүүлсний улмаас гэнэтийн ослын үед цонхоор шидэгдэх, эндэх явдал гарч буй нь харамсалтай. Жолооч болон зорчигчдын 81.3 хувь нь хамгаалах бүс зүүдэггүй. Цагдаа харахаараа хурдаа хасаж, бүс зүүхээс биш, замын хөдөлгөөний дүрмийг баримтлахгүй, өөрийн болон өрөөлийн амь, эрүүл мэндийг хайхрахгүй байна. Мөн өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүрэгт 15 настай хүүхэд жолоо барьж яваад айлын хашаа, гэрэлтүүлэг мөргөсөн. Ослын улмаас 15 настай хүүхэд эндэж, 14 настай хүүхэд гэмтлээ. Мөн 16 настай хүүхэд машин жолоодож, гэрлийн шон мөргөснөөс автомашин нь шатаж, хамт зорчиж явсан 14 настай хүүхэд гэмтсэн” гэв. Тэрбээр орон нутгийн замд хурд хэтрүүлэх, хориглосон үед гүйцэж түрүүлэх үйлдэл хийх, хэт ядарсан үедээ жолоо барьснаас зүйрмэглэж, урсгал сөрөх, замын хажуу руу онхолдох зэрэг осол гарч буйг сэрэмжлүүлсэн юм.