ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байхдаа бие нь муудаж, Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-т хүргэгдэн ирээд нас барсан, 21 настай Б.О-ын асуудлаар УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны өчигдөр Төрийн ордонд хуралдлаа. Хуралдааныг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин даргалсан юм. ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Нямгэрэл, ХЭҮК-ын дарга Д.Сүнжид болон холбогдох албан тушаалтнууд, ЦЕГ-ын дарга Т.Сүхболд, ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор, тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга А.Намсаманд, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга Ж.Жаргаланбаатар тэргүүтэй эрх бүхий хүмүүсийг Хүний эрхийн дэд хорооноос дуудаж, албан тайлбар авсан юм.
Хүний эрхийн дэд хорооны гишүүд 11 төрлийн мэдээллийн талаар сонсох хэрэгцээ шаардлага байна гэж үзжээ. Тухайлбал, “Эрүү шүүлтэд өртсөн гэж АТГ-д гомдол гаргасан иргэн цагдан хоригдож, эмнэлэгт хүргэгдэж нас барсан. Ямар үйл явдал болов. Цагдаагийн байгууллагаас хувийн мэдээллийг задруулах, зарим талаар гүтгэх тохиолдол гардаг гэж олон нийтээс гомдол их ирсэн. Нэг сэтгүүлч иргэний хувийн эмзэг мэдээллийг тараасан гэдгээр ял авлаа. Төрийн байгууллага ийм мэдээлэл тараахад хууль зөрчсөн үйлдэл гэж тооцдоггүй. Энэ ялгамжтай байдалд хариулт авмаар байна. Цагдан хорих төвд эрүү шүүлт байна уу, шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах явдал ямар түвшинд байна вэ” гэх зэрэг асуудлаар мэдээлэл авахаа хурлын эхэнд танилцуулсан юм.
ЭНЭ ХЭРЭГТ ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДСАН ХҮН БАЙХГҮЙ
Д.СҮНЖИД (ХЭҮК-ын дарга): -ХЭҮК чиг үүргийнхээ хүрээнд төрийн байгууллагуудаас мэдээлэл авсан. Цагдаагийн байгууллагаас долоодугаар сарын 23-нд албан мэдээлэл ирүүлсэн. Үүний дараа УГТЭ-ийн эмч нартай уулзсан. Мөн 461 дүгээр анги ажиллаж, хувийн хэрэгтэй нь танилцаж, камерын бичлэг үзлээ. ШШГЕГ-ын албан хаагчидтай уулзаж, болсон явлын талаар ярилцлаа. Энэ бүхэнд үндэслэн дүн шинжилгээ хийхэд гурван асуудал байна. Талийгаач О нэгдүгээр сард эрүү шүүлт тулгасан гэж цагдаагийн алба хаагчтай холбогдуулан гаргасан гомдлыг АТГ-аас чиг үүргийн дагуу хянан шийдвэрлэх, мөрдөн шалгах ёстой. АТГ-аас “Энэ хэрэг дээр ажиллаж байна” гэсэн мэдээлэл өгсөн. Баянгол дүүргийн Прокурорын газраас “Шалгаж дуусаагүй, одоогоор яллагдагчаар татагдсан хүн байхгүй” гэсэн. 461 дүгээр ангид байхад нь юу болов. Камерын бичлэгээс харахад О нь хоёр хүнтэй хамт хоригдож байсан. Таталт өгсөн, түргэн дуудаж буй үйл явц бичигдсэн байсан. УГТЭ-т байхад нь гав хэрэглэсэн нь хүнлэг бус, хэрцгий хандсан. Эмчилгээ, үйлчилгээний журам байх ёстой гэж үзэж байна.
ХОРИХ БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЖ БУЙ ЭМЧ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ МУУ БАЙНА
О.АЛТАНГЭРЭЛ (ХЗДХ-ийн сайд): -Миний өгөх зарим мэдээлэл ХЭҮК-ынхтой давхцаж байна. Тиймээс цаашид авах арга хэмжээний талаар товч хэлье. Ар гэрийнхэнтэй нь хэд хэдэн удаа утсаар ярьсны эцэст биечлэн уулзсан. Тэд дүүгийн минь хувийн, эмзэг мэдээллийг олон нийтэд дэлгэсэн, эмнэлгийн тусламж, үйлчилгээг цагт нь үзүүлсэн бол амьд байх байсан, ухаангүй үед нь гав хэрэглэж хүний эрхийг ноцтой зөрчсөн, цагдаагийн байгууллагын алба хаагч эрүү шүүлт тулгасан гэж гомдол гаргаж байхад АТГ яагаад огт шийдвэрлэсэнгүй вэ гэсэн үндсэн гурван зүйлийг ярьсан. Хохирогчийн эмзэг мэдээллийг ямар ч тохиолдолд задруулахгүй байх гэсэн чиг үүрэг өгсөн. Хорих байгууллагад ажиллаж буй эмч, эмнэлгийн боловсон хүчин, тоног төхөөрөмж муу байна.
ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД БУРУУТАЙ БОЛ БИ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ
Т.СҮХБОЛД (ЦЕГ-ын дарга): -Цагдаагийн албан хаагчтай холбоотой хэргийг АТГ шалгаж байгаа. Уг хэрэгт цагдаагийн хэдэн алба хаагчийг яллагдагчаар татаад байна вэ гэдэгт хариулах мэдээлэл надад алга. Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны нууц. Цагдаагийн алба хаагчийн буруутай үйл ажиллагаа байна уу, нэгжийнх нь дарга нарын хараа хяналт сул байсан уу, камерын өнцөг өөрчилсөн үү. Энэ бүхэн мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон нөхцөлд дараагийн арга хэмжээг авах эрх зүйн зохицуулалттай. Цагдаагийналбахаагчидбуруутайболби ёс зүйн хариуцлага хүлээнэ.
Бэлтэсэн Ч.Болор