Гепатиттай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиов. Манай улс элэгний хавдрын өвчлөл болон нас баралтын тоогоор дэлхийд тэргүүлдэг. Эл хавдрыг үүсгэж буй гол шалтгаан нь В, С, D вирусийн халдвар юм. Мөн архи, мансууруулах бодисын хэрэглээ, зохисгүй хооллолт, таргалалт зэрэг нь элгийг гэмтээдэг байна. Үүнээс гадна элэгний өөхлөлт, антибиотикийн зохисгүй хэрэглээ нь гэмтээх шалтгаан болдог. Энэ тухайд ХӨСҮТ-ийн Амбулаторийн тасгийн эмч Б.Батсүх “Элэгний өвчлөл нь манай улсын эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг. В, С вирусийн халдварыг илрүүлж, эрт эмчлээгүйн улмаас маш олон хүн элэгний хатуурал, хорт хавдраар нас барж байна. Монгол Улс 1991 оноос хойш төрсөн хүүхэд бүрд товлолт вакцин хийж байгаа. Гэвч вакцины хамгаалах хугацаа гэж бий. Тиймээс В, С вирустэй, эсэхээ шинжлүүлэх хэрэгтэй. Вирусгүй бол хамгаалах вакцин хийлгэх шаардлагатай. В вирусийн эсрэг вакцин хийлгэснээр D вирусээс давхар хамгаалдаг. Хэрэв вирус илэрвэл эмчийн хяналтад орж, заасан хугацаанд тогтмол эм уух, ажил, амралт, хоолны дэглэмийг зохицуулах хэрэгтэй. Ингэснээр элэгний хатуурал, хавдрын эрсдэлээс сэргийлэх боломжтой. Харин С вирусийн тухайд үр дүнтэй эмчилгээ бий” гэв.
Элэгний А вирус нь зөвхөн бохир ус, хүнс, гараар дамждаг. Харин В, С вирус нь цус, цусан бүтээгдэхүүн, бохир зүү, тариур болон бэлгийн замаар халдварладаг юм. Өөрөөр хэлбэл, халдвар авсан хүнтэй бэлгэвчгүйгээр бэлгийн хавьталд орох, халдвартай иргэний хэрэглэсэн зүү тариураар тариулах буюу хатгуулах, шивээс хийлгэх, чих цоолуулах, шүдний сойз, сахлын хутга зэрэг ариун цэврийн хэрэгслийг дундаа хэрэглэх зэрэг нь эрсдэлт хүчин зүйл болдог. Түүнчлэн эхээс урагт халдвар дамжих эрсдэлтэй.
Бэлтгэсэн Ч.Туяа