Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрт автомашин өнхөрч хүүхэд мөргүүлсэн гэх дуудлага цагдаагийн байгууллагад өнгөрсөн сарын 2-нд бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж, шалтгаан, нөхцөлийг тодруулжээ. Өлзийт сумын иргэн Б-гийн эзэмшлийн “Аванте” маркийн автомашин дотор таван настай хүүхэд байхдаа хурдны хайрцаг буюу арааг нь салгах үед машин өнхөрчээ. Улмаар есөн настай хүүхдийг мөргөж гэмтээсэн аж. Осол гарах үед бага насны гурван хүүхэд харгалзах хүнгүй, гэртээ байсан гэнэ. Иймд эцэг, эхчүүд хүүхдээ хаана, юу хийж буйд анхаарал хандуулж, хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулав.