ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан 21 настай Б.О энэ сарын 23-нд Улсын гуравдугаар төв эмнэлэгт нас барсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ хэрэгт ихээхэн анхаарал хандуулж буйгаа Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдэгдэж байв. Тэгвэл тэрбээр өнгөрсөн пүрэв гарагт талийгаач О-ын ар гэрийн төлөөлөл, өмгөөлөгчтэй ХЗДХЯ-ны байранд уулзжээ. Гэвч хүний амьтай холбоотой, хариуцлага нэхсэн уг уулзалтад холбогдох байгууллагуудын дарга нар нь очсонгүй. Салбарынх нь сайд шуурхай хурал зарлаж байхад удирдлагууд нь том толгой гаргаж, дэд дарга нараа явуулсныг иргэд ихээхэн шүүмжилж байна. Тодруулбал, тус уулзалтад ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Нямгэрэл, холбогдох бусад газрын албан хаагчид болон ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Т.Ганзориг, ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Захиргаа, удирдлагын газрын дарга, хошууч Б.Амар нар оролцжээ.
Талийгаачийн ар гэрийнхний санал гомдлыг сонссоны дараа ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл хууль сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынханд үүрэг чиглэл өгсөн юм. Тухайлбал, цагдаагийн байгууллага цаашид мэдээлэл хийхдээ аливаа төрлийн хохирогч, тэр дундаа амь хохирогчийн хувийн, эмзэг мэдээллийг задруулахгүй, нэр төр, алдар хүндэд нь халдахгүй байхад анхаарч, мэдээлэл хийх журам боловсруулж хэрэгжүүлэн ажиллах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага амь хохирогчийн бие муу байхад гавласан гэх асуудлыг нягтлан шалгаж, яаралтай эргэн танилцуулах үүрэг өглөө. Түүнчлэн хууль сахиулах байгууллагын алба хаагчдын холбогдсон хэргийг хараат бусаар шалгах прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба байгуулах чиглэлээр ХЗДХЯ анхаарч ажиллах гэнэ. Холбогдох байгууллагуудаас томилсон Ажлын хэсгийн шалгалтын дүнгээр буруутай нь тогтоогдсон этгээд, албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцохоо мэдэгдэв.
Мөн Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос өнгөрсөн баасан гарагт мэдээлэл өгсөн юм. Тэд ЦЕГ, прокурорын байгууллага, ШШГЕГ-аас албан тайлбар авч, цагдан хорих 461 дүгээр ангид ажиллажээ. Энэ тухайд комиссын дарга Д.Сүнжид “Талийгаач О эрүү шүүлт тулгасан асуудлаар нэгдүгээр сарын 29- нд АТГ-т гомдол гаргажээ. Гомдлыг шалгах ажиллагаа өнөөг хүртэл үргэлжилж буй нь анхаарал татаж байна. Хэний ч амь, эрүүл мэнд төрийн байгууллагын албан хаагчдын буруутай үйлдлээс болж хохирох ёсгүй” гэв. Тус комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар “Тухайн иргэнийг эмчилгээний туршид шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хоёр албан хаагч хянаж байсан. 50 минутын туршид гар, хөлд нь гав хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тухайн иргэн амь, эрүүл мэнддээ эрсдэл учруулж болзошгүй байсан учраас гавласан гэж тайлбарласан” гэв. Мөн тус комиссын гишүүн Г.Нарантуяа “Эмнэлгийн тусламж авч буй өвчтөний хөдөлгөөнийг хязгаарлах шаардлага үүссэн бол цагдаагийн гав биш, эрүүл мэндийн байгууллагынхан арга хэмжээ авах ёстой. Гав хэрэглэсэн нь хүнлэг бус харилцаа гэж дүгнэх үндэслэлтэй” гэлээ.
Талийгаач Б.О-ын ар гэрийнхэн, ангийн багш, нэг ангийнхан, найз нөхөд, хөл бөмбөгийн багийнхан нь түүний гэгээн дурсгалд зориулж, Сүхбаатарын талбайд зул өргөж, цуглаан зохион байгуулсан юм. Тэд талийгаачийн зураг, хөл бөмбөгийн өмсгөл, медаль зэргийг нь барьж зогссон байв. Мөн “Гуйж байна хүнээ хайрлаад өгөөч. Бид цөөхүүлээ”, “Миний найз ялтан биш” гэж бичсэн цаас барьж жагссан юм. Иргэн Б.О-ын амиа алдсан хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрынхан шалгаж байна.
Бэлтгэсэн Ч.Туяа