ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан 21 настай О энэ сарын 23-нд Улсын гуравдугаар төв эмнэлэгт нас барсан харамсалтай хэрэг гарсан юм. Талийгаачийн ар гэрийнхэн түүнийг цагдаагийн алба хаагчдад зодуулсан, дарамт шахалтад байсан хэмээн мэдээлэл өгсөн юм. О нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-нөөс цагдан хоригдож байжээ. Түүнийг үхэлд хүргэсэн шалтгааныг тогтоохоор шинжээч эмч нар ажиллаж буй аж.
ТАЛИЙГААЧИЙН ЭГЧ: ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ ДҮҮГ МИНЬ БҮЛЭГЛЭН ЗОДСОН
ЦЕГ-ын үүдэнд талийгаач О-гийн гэр бүлийнхэн мэдээлэл өгсөн юм. Түүний эгч Д “Юуны өмнө дүүг минь яахаа алдсан гэмт хэрэгтэн мэтээр олон нийтэд ойлгуулж буйд маш их харамсаж байна. Миний дүү спортоор хичээллэдэг, эрүүл саруул нэгэн байсан. Тэмцээн уралдаанд амжилттай оролцож, алт, мөнгөн медаль олныг хүртсэн. Наадмын өмнө буюу энэ сарын 8-нд бид эргэлтээр очиход дүү минь зүгээр байсан. Дүүтэй минь хамт явж байсан зүс таних залуу гар утас хулгайлж, үүнээс болж хэрэгт сэжиглэгдэн шалгуулсан юм. Энэ хугацаанд Баянгол дүүргийн цагдаагийн найман алба хаагч дүүг минь бүлэглэн зодсон гэсэн. Зодож, эрүүдэн шүүснийг нь бид эхэндээ мэдээгүй. Хэд хоногийн дараа Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн найман мөрдөгч зодож, эрүүдэн шүүснийг мэдээд, АТГ-т өгсөн юм. Тус газраас нэр бүхий мөрдөгчдийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, хүнийг зодож, эрүүдэн шүүснийг тогтоосон. Өөрөөр хэлбэл, зургаан албан хаагчийн нэрийг тодорхой болгож, үлдсэн хүмүүсийг нь таниулахаар талийгаачийг АТГ-аас дуудсан юм билээ. Гэтэл дүүг минь АТГ-ын хашааны үүднээс Баянгол дүүргийн хоёр цагдаа баривчилж, Чингэлтэй дүүргийн цагдаагийн байгууллагад хүргэсэн гэсэн. Үүнээс хойш цагдаа нар дүүг минь зууж, дарамтлах болсон” гэв.
Энэ сарын 11-нээс О-гийн бие муудаж, ШШГЕГ-ын харьяа эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. Байцаагч, прокурорт нь энэ тухай мэдэгдсэн гэсэн боловч тэд ямар ч мэдээлэлгүй байсан хэмээн талийгаачийн ар гэрийнхэн ярьсан юм. Мөн цагдан хорих 461 дүгээр анги, ЦЕГ зэрэг бүх шатны байгууллагад гомдолтой байгаагаа илэрхийлээд, дүүгийнхээ үхлийн шалтгааныг үнэн мөнөөр нь тогтоолгохын төлөө тууштай явна гэлээ. Талийгаач зургаан хүүхэдтэй айлын отгон нь байсан бөгөөд түүний өөр нэг эгч ийн ярив. “Баянгол дүүргийн цагдаа нарыг АТГ-т өгснөөс болж дүү минь өнөөдөр ийм байдалтай боллоо. Цагдаа нар бүлэглэн зодож, бороохойгоор цохиж, ухаан алдаж унасных нь дараа гутлын өсгийгөөрөө нүүрэн дээр нь гишгэсэн байгаа юм. Амьсгалах ямар ч боломжгүй болгосны дараа эмнэлэгт хүргэсэн. Өөрөөр хэлбэл, энэ сарын 21-ний 17.00 цагт УГТЭ-ээс залгаж, “Дүү чинь зүрхний цохилт байхгүй ирсэн шүү” гэж хэлээд утсаа тасалсан. Биднийг яаран сандран эмнэлэгт очиход дүү минь ухаангүй байсан. Үхэлтэй 24 цаг тэмцлээ. Эмч нар биеийн байдал нь тогтворжвол эмчилгээ хийнэ гэсэн ямар ч боломжгүй байсаар амьсгал хураалаа. Ийм болгочхоод хууль, хүчний байгууллагынхан өөрсдийгөө өмөөрч байна. Дүүг минь ортой нь гавлачихсан байсан” гэв. Талийгаачийг амьсгал хурааснаас нэг цагийн дараа гадуур байцаах боломжтой гэсэн шүүхийн шийдвэр гарсан гэнэ.
ЦЕГ: ЭРҮҮЛ МЭНДИЙН ШАЛТГААНЫ УЛМААС НАС БАРСАН
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр өчигдөр мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Амь хохирогч О нь гэмт хэргийн шинжтэй 10 үйлдэлд яллагдагчаар татагдан, шалгуулж байсан. Үүний ес нь хулгайлах гэмт хэрэг. Талийгаач нь өнгөрсөн нэгдүгээр сарын 29- нд АТГ-т гомдол гаргажээ. Үүний дагуу тус газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, гэмт хэргийн шинжтэй, эсэхийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Талийгаач долоодугаар сарын 12-ноос хойш хэвлийн хэсэг, нуруу өвдөж байна гэх шалтгаанаар цагдан хорих эмнэлэгт эмчлүүлж байсан. Улмаар бие нь муудаж, УГТЭ-т хүргэгдсэн ч цөсний шалтгаант нойр булчирхайн цочмог үрэвсэл, үжил, үжлийн шок, амьсгалын гачаалт хам шинж зэрэг эмнэлгийн байгууллагын урьдчилсан оноштойгоор нас барсан. Хорих ангид анх очиход нь хоригдогчдын биед үзлэг хийдэг юм. Нийт 16 удаагийн үзлэгт хамруулсан. Энэ хэрэгт холбогдсон алба хаагчид одоогоор ажил үүргээ гүйцэтгэж байгаа” гэв.
Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл цагдан хоригдож байхдаа нас барсан иргэн О-гийн гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн юм. Тэрбээр салбарын сайдын хувьд энэ хэрэгт эхнээс нь анхаарал хандуулж байсан бөгөөд талийгаачийн ар гэрийнхэнтэй холбогдсон гэв. Мөн хуулийн зөрчил тогтоогдвол буруутай албан тушаалтан, эрх мэдэлтнүүдэд хариуцлага хүлээлгэхээ илэрхийлсэн юм. Харин цахим орчинд иргэд цагдаа, хууль хүчний байгууллагыг ихэд шүүмжилж буй. Тухайлбал, “Төрийн хувцас өмсөж, бусдыг эрээ цээргүй дээрэлхэж, зодож нүддэг, охид бүсгүйчүүдийг айлгаж ичээдэг, хүчинддэг, хуулийн нэрийн доор “төрийн зандалчид” төржээ” хэмээн шуугьж байна.
Бэлтгэсэн Ч.Болор