Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг 2А магистраль шугамын барилга угсралтын ажил хийж буйтай холбогдуулан хэд хэдэн авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлах аж. Дэлхийн банкны санхүүжилтээр Эрчим хүчний яамны Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд “Дулааны 2А магистраль, ДХ-165 цэгээс ДХ-221 цэг хүртэлх 2Ф350 мм-ийн голчтой 0.95 хос.км шугамыг 2Ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөх” барилга угсралтын ажлыг “Рутан” компани энэ сарын 1-нээс эхлэн хийж байгаа юм.
Үүнд:
- С.Жамъянгүнгийн гудамжны авто замын хөдөлгөөн: Долоодугаар сарын 6-ны 08:00 цагаас наймдугаар сарын 10-ны 18:00 цаг хүртэл.
- Гадаад харилцааны яамны баруун талын Олимпын гудамжны авто зам: Долоодугаар сарын 23-ны 06:00 цагаас 25-ны 06:00 цаг хүртэл
- Д.Чойдогийн гудамж буюу Ривер саундсаас “Сонгдо” эмнэлэг хүртэлх зам: Наймдугаар сарын 1-20-ны 18:00 цаг хүртэл
- Д.Чойдогийн гудамж буюу “Сонгдо” эмнэлгээс зүүн тийш С.Зоригийн гудамж хүртэлх зам: Наймдугаар сарын 1-31-ний 18:00 цаг хүртэл
- С.Зоригийн гудамж буюу “Сонгдо” эмнэлгийн уулзвараас Шүүх эмнэлгийн орц, гарц хэсэг хүртэлх зам: Наймдугаар сарын 10-15-ны 18:00 цаг хүртэл
- С.Зоригийн гудамж буюу Шүүх эмнэлгийн орц, гарц хэсгээс Энхтайваны өргөн чөлөөний зам хүртэл: Наймдугаар сарын 15-31-ны 18:00 цаг хүртэл
- Энхтайвны өргөн чөлөөний авто зам: Долоодугаар сарын 27-29-ний 06:00 цаг хүртэл тус тус хаах аж.
Уг ажлын хүрээнд дөрвөн гол зам доогуур суурилуулах хэсгийг нэвтрэх суваг буюу туннелийн системд оруулах юм байна. Ингэснээр цаашид авто замын уулзвар хэсгийг эвдэхгүйгээр шугам сүлжээг сольж шинэчлэх аж. Мөн цэвэр усны шугамыг өргөтгөн шинэчлэх цахилгааны шугам сүлжээ, холбоо мэдээллийн шугам сүлжээний ажлууд хийгдэнэ.
Эх сурвалж: Улаанбаатар дулааны сүлжээ