Залуучуудын олимпын наадам БНСУ-ын Пёнчан, Каннын, Жёонсон болон Хёонсон хотуудад үргэлжилж байна. Тэмцээний хоёр өдрийн дараах байдлаар Франц улс 4 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальтай тэргүүлж байгаа бол БНСУ-ын баг тамирчид 1 алт, 1 хүрэл медальтайгаар зургадугаар байрыг Казахстан улстай хуваан эзэлж буй.
Олимпын наадамд оролцохоор хүрэлцэн ирсэн ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах, БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл, ОУОХ-ны гишүүд, ОУОХ-ны Тамирчдын комиссын дарга Эмма Терхо нартай ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг болон Гадаад харилцааны сайд, "Канвон 2024" залуучуудын өвлийн олимпын наадмын Монголын багийн ахлагч Б. Батцэцэг нар албан уулзалтууд хийв.
Уулзалтын үеэр манай улсын баг тамирчдын мэдээ мэдээллийг танилцуулах, залуу тамирчдын олимпын боловсрол, хүний нөөцийг чадавхжуулах, эмэгтэйчүүдийн манлайлал, спортын хөгжлийг дэмжих, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж болон спорт Олимпизмын хөдөлгөөн дэх олон улсын үйл ажиллагааг Монгол улсад эрчимжүүлэх үүднээс олон улсын хурал чуулган, залуучуудын Олимпын наадмыг эх орондоо зохион байгуулах хүсэлтээ илэрхийлснийг талууд судалж үзэн, бүрэн дэмжихээ илэрхийллээ.
Өнөөдөр манай тамирчид бэлтгэл сургуулилтаа хангаж, маргааш буюу нэгдүгээр сарын 23-ны өдөр биатлоны эмэгтэйчүүдийн 6км, эрэгтэйчүүдийн 7,6км спринт зайн уралдаан болон уулын цанын эмэгтэйчүүдийн жиант слалом төрөлд өрсөлдөнө.