Ази тивд анх удаа болох залуучуудын өвлийн IV олимпын наадам БНСУ-ын Канвон мужид болж байна. Энэ удаагийн наадамд 80 орны шилдгийн шилдэг 1950 залуу тамирчин өвлийн долоон спортын 15 төрөлд 81 багц медалийн төлөө хурд, хүчээ сорин өрсөлдөх юм. Монгол Улсаас гүйлтийн цана, биатлон болон уулын цанаар нийт 12 тамирчин олимпын эрхээ авчээ. Уулын цанын төрөлд анх удаа хоёр тамирчин оролцох бол гүйлтийн цанын төрөлд 4, биатлоны төрөлд 6 тамирчин тус тус өрсөлдөнө. Ингээд Олимпын наадамд Монголын баг тамирчид хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй буюу 12 тамирчин, 3 дасгалжуулагч багш нар Багийн ахлагч Б.Батцэцэгийн удирдлага дор оролцож байгаа бол ОУОХ-ны Хүндэт гишүүн Ш.Магван, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг нар ОУОХ-ны урилгаар, Монголын цана болон биатлоны холбооны удирдлагууд, эцэг эхийн төлөөлөл баг тамирчдаа дэмжихээр хүрэлцэн иржээ.
“Канвон 2024” наадмын эхний хоёр өдрийн Монголын баг тамирчдын хуваарийг хүргэж байна. Өнөөдөр 11:00-12:45 цагт биатлоны ганцаарчилсан төрлийн 10 км-ийн уралдаанд О.Оюуцолмон, Д.Нямсүрэн, Х.Эрдэнэтунгалаг нар оролцоно. 14:00-15:50 цагт биатлоны ганцаарчилсан төрлийн 12.5 км-ийн уралдаанд Б.Сүхбат, Б.Тэмүүжин, Т.Амарсанаа нар өрсөлдөнө. Харин маргааш буюу нэгдүгээр сарын 21-ний өдөр биатлоны ганцаарчил болон холимог буухиа уралдаан болно.