Олимптой жилийн улсын аварга шалгаруулах спортын төрлүүдийн өндөр үүдийг нээж “Буянт-Ухаа” спортын ордонд явагдсан Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 29 байгууллагын 269 тамирчин өрсөлдлөө.
Тус тэмцээнд оролцож тэргүүн байрт шалгарсан алтан медалийн эзэд олимпын эрхийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох аж.
Батлан Хамгаалах яамны харьяа Зэвсэгт хүчний Алдар спорт хороо, Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн тамирчин, олон улсын хэмжээний мастер, улсын харцага Г.Ганхуяг 97 килограммын жинд барилдан “Алтан медаль” хүртэж ирэх 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-ний өдрүүдэд Киргистан улсад зохион байгуулагдах олимпын эрхийн тэмцээнд оролцохоор болжээ.
Олон улсын хэмжээний мастер, үндэсний бөхийн улсын харцага Ганбаатарын Ганхуяг нь сүүлийн 3 жилийн хугацаанд улсын аварга шалгаруулах тэмцээний 86, 92, 97 килограммын жинд түрүүлсэн амжилтыг үзүүлээд байна.
Хошууч Л.САРАНЗАЯА