Баянгол дүүргийн 70 дугаар сургуульд Олимпын танхим байгуулжээ. Тус сургуулийн биеийн тамирын багш нар хичээлийн хэрэгсэл авах зардлаа нийлүүлж, танхимын бүх үзмэрээ өөрсдийн гараар хийсэн байна. Мөн орчин үеийн технологи ашиглан аппликэйшн бүтээж, үзмэрүүдийн нэмэлт танилцуулга, тайлбарыг оруулснаараа онцлогтой юм байна. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд спортын мэдлэг олгох танхим аж. Тус сургуулийн биеийн тамирын багш Л.Очгэрэл “Ийм танхим тохижуулах зааварчилгааг анх “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” уралдаанд оролцож байхдаа авсан юм. Тухайн үед Монголын үндэсний олимпын хорооноос сурагчдын мэдлэгийг сайжруулах ажлын хүрээнд сургууль бүр Олимпын танхим байгуулах санаачилга дэвшүүлж байлаа.
Үүний хүрээнд бид өнгөрсөн хоёрдугаар сард уг танхимыг байгуулах ажлаа эхлүүлж, хамт олныхоо хөдөлмөрийн үр дүнд өдгөө ашиглалтад орууллаа. Манай сургуулийн сурагчид хөгжлийн бэрхшээлтэй учраас тэдэнд зориулан үйлчилгээний хүртээмжээ сайжруулах шаардлага тулгарсан. Тухайлбал, олимпын бэлгэ тэмдгүүдийг бүгдийг нь 3D баримлын шавраар бүтээж, тус бүр хоргонд байрлууллаа. Тэмцээнд оролцож байсан шагналаа ч жаазалж тавьсан. Энэ танхим спорт сонирхогч хэн бүхэнд нээлттэй. Биеийн тамирын дээд сургуулиудын оюутнууд болон бусад сургуулийн сурагчид ч ирж уг танхимд хичээллэдэг. Олимпын бүх түүхийн мэдээллийг 100 хувь өгч чадахуйц танхим болсон гэж бодож байна. Тухайлбал, олимптой холбоотой бүх мэдээллийг аппликэйшнээс мэдэх боломжтой. Үүнд олимп зохион байгуулсан бүх орны танилцуулга, газар зүйн байрлал, хүн ам, түүнд манай улсаас хэдэн тамирчин оролцсон зэрэг мэдээллийг багтаасан” гэв.