Энэтхэгийн Мумбай хотод Олон улсын олимпын хорооны чуулган болжээ. Тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди чуулганд оролцох үедээ 2036 онд зуны олимпын наадмыг зохион байгуулахын төлөө өрсөлдөхөө мэдэгдсэн байна. Тэрбээр “Энэ нь манай улсын 1.4 тэрбум иргэний мөрөөдөл. Тиймээс ард түмнийхээ мөрөөдлийг та бүхний дэмжлэг, хамтын ажиллагааны ачаар биелүүлж чадна” гэсэн аж. 2036 онд болох олимпын наадмыг зохион байгуулах хүсэлтээ одоогоор Мексик, Турк, Индонез, Польш улс илгээгээд буй гэнэ. Тус чуулганы үеэр “Парис-2024” олимпын наадмын эрхийн тэмцээний хуваарийн талаар хэлэлцсэн байна. BMX фрийстайл, брейк, скейтбоард, спорт авиралтын төрөлд олимпын эрхийн хоёр цуврал тэмцээнээр Парисыг зорих тамирчид тодрох юм. Дээрх холбооны ерөнхийлөгч Томас Бах “Уг дөрвөн төрлийн олимпын эрхийн тэмцээнийг спорт, урлаг, хөгжим, соёл хосолсон наадам хэлбэрээр зохион байгуулна” гэж мэдэгдсэн. Урд хөршийн Шанхай хотод эрхийн тэмцээний эхний шат ирэх жилийн тавдугаар сарын 16-19-нд болох нь. Тэмцээнийг хотын дундуур урсдаг Хуанпу голын эрэг дээрх үзэсгэлэнт байгальд явуулах аж.