УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдааны талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийв. УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн санаачилсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай тогтоолын төслийг хэлэлцэх шаардлагагүй, Засгийн газрын түвшинд шийдвэрлэх боломжтой гэж олонхын бүлгийнхэн санал нэгдсэн байна. Энэ тухайд Д.Тогтохсүрэн “Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрөл олгох эрх нь Засгийн газарт байгаа. Овоолготой холбоотой асуудал тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хамаатай” хэмээлээ.
Мөн Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцүүлгийг шуурхайлах шаардлагатай гэж үзжээ. Ингэхдээ Хүмүүнлэг боловсролын тухай хуулийг Ерөнхий боловсролын тухай хуулийн төсөлтэй нэгтгэж хэлэлцэх нь зүйтэй гэв. Улмаар Боловсролын багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг шинэчилж, олон дэд ажлын хэсгийг татан буулгахаар болжээ.