“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн даатгал төлсөн 40-65 насны бүх иргэнийг өрх, сумын эрүүл мэндийн төвд элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээнд улс орон даяар хамруулж байгаа. Хэрэв вирус илэрбэл итгэмжлэгдсэн 22 лабораторид вирус тоолох шинжилгээг үнэ төлбөргүй өгөх юм. Гэвч ЭМНДЕГ-аас вирус тоолох шинжилгээний зардалд олгосон 4.9 тэрбум төгрөг дууссан учир уг шинжилгээг зогсоожээ.
Тэдгээр лабораторийн шинжилгээний үр дүнгийн тоо баримт дээр тооцоолол хийж үзэхэд сорьц хадгалалт, тээвэрлэлтийн горим зөрчигдсөнөөс гепатит С вирусийн PHX задарсан байх боломжтой байна. Өөрөөр хэлбэл, 2500-4500 хүний шинжилгээний хариу худлаа гарсан байх магадлал өндөр байна гэж “Монголын лабораторийн нэгдсэн сүлжээ” ТББ-ын удирдлага үзэж буй юм. Улсын болон хувийн лабораторийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөхөөр ДЭМБ-ын хөндлөнгийн шинжээчдийн баг манай улсад ирээд энэ сарын 19-нд буцсан. Тэд орон нутаг болон нийслэлд элэгний В, С вирус тоолж буй лабораторийн үйл ажиллагаатай танилцаж, тэдний төлөөлөлтэй ЭМЯ-нд уулзаж, ярилцсан юм. Одоогоор ДЭМБ-ын нэгдсэн дүгнэлт гараагүй бөгөөд гурван сарын дараа тодорхой мэдээлэл өгөхөө тэд илэрхийлжээ.