-Хүүхдийн тань харааг гар утас, компьютер “хулгайлж” байна-
“Төрүүлсэн ээжийнхээ царайг ганц удаа ч болов харах юм сан” гэж харааны бэрхшээлтэй нэгэн эмэгтэй хэлсэн нь одоо ч санаанаас гардаггүй юм. Түүн шиг төрөлхийн харааны бэрхшээлтэй хүмүүсийн зэрэгцээ осол гэмтэл, элдэв өвчин, эмгэгийн улмаас олон мянган хүн сохорч, маргаашийн нарыг харж чадахгүйд хүрч байна. Тэр дундаа бидний ирээдүй болсон балчир үрс эцэг, эхийнхээ хариуцлагагүйгээс, эрүүл мэндийн хүртээмжгүй тогтолцооноос болж хэдэн зуугаараа хохирч буй юм. Ерөнхий боловсролын сургуулийн бага ангид сүүлийн жилүүдэд нүдний шил зүүдэг хүүхэд олон сурах болсон нь үүнийг илтгэх буй биз ээ.
Дэлхийн улс орнуудад жил бүр ойролцоогоор 500.000 гаруй хүүхэд сохордог гэсэн харамсалтай мэдээ бий. Хүүхдийн харааг хамгаалах нь анагаах ухааны төдийгүй нийгмийн эрүүл мэндийн өмнө тулгамдсан асуудлын нэг болсныг эмч нар ярьж байна. Манай улсын хувьд 2002 онд хийсэн судалгаанаас харахад (Үүнээс хойш дорвитой судалгаа хийгээгүй) 1000 хүүхэд тутмын 0.19 нь сохорсон нь хөгжиж буй бусад оронтой харьцуулахад цөөн мэт боловч хүүхдийн катарактын сохрол (нүдний болор цайх өвчин) 100 мянган хүүхдийн 5-6-д нь тохиолдож буй юм. Иймээс хүүхдийн хараа хамгааллыг “Сохролоос сэргийлэх үндэсний хөтөлбөр”-т нэн тэргүүнд шийдэх асуудал болгон тусгажээ.
Манай улс анх удаа Хүүхдийн хараа хамгаалах өдрийг өнөөдөр тэмдэглэж байна. Энэ өдрийг тохиолдуулан хүүхдийн нүдний эмгэгээс урьдчилан сэргийлэхэд зориулж гурваас таван насны хүүхдийн хараа шалгах аргачлалын сургалт явуулах аж. Сургалтад суусан эмч нар сургагч багш болж, хараа шалгах аргачлалыг цахим орчинд түгээж, үүний дагуу аймаг, сум, дүүрэг, өрхийн төдийгүй сургууль, цэцэрлэгийн эмч нар ч хүүхдийн харааг тухайн аргачлалаар шалгах юм байна. Хөгжилтэй орнууд энэ аргыг хэдийнэ нэвтрүүлжээ.
Энэ талаар ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн нүдний мэс заслын тасгийн эрхлэгч Ч.Цэнгэлмаагаас тодруулсан юм. Түүний өрөөний үүдэнд хоёр ой гаруйтай болов уу гэмээр хүүгээ тэвэрсэн нэгэн аав зогсож байлаа. Тэрбээр Дундговийнх бөгөөд тус эмнэлэгт 11 дэх удаагаа ирж, хүүдээ химийн эмчилгээ хийлгэж буй гэнэ. Хүү нь ой долоон сартайдаа нүдний хорт хавдраар өвчилжээ. Ч.Цэнгэлмаа эмч “Энэ хоёр миний хяналтад байдаг юм. Хүүгийн зүүн нүдийг авч, протез зүүсэн. Эд, эсийн шинжилгээгээр хортой хавдар гэж оношлогдсон. Эмчийн хяналтад насан туршдаа байх шаардлагатай. Хорт хавдартай ч гэсэн эмчид эрт хандсанаар эдгэрсэн. Яг ийм хавдартай хүүхэд Монголдоо бус, ХБНГУ, Сингапур, Швейцарь гээд хөгжилтэй оронд эмчлүүлэхээр явж, хэдэн сая евро үрсэн ч хавдар нь дотор эрхтэнд нь үсэрхийлсний улмаас амиа алдсан харамсалтай явдал гарсан. Эндээ эрт оношлуулж, тусламж үйлчилгээ авсан бол тэр хүүхэд амьдрах боломжтой ч байсан юм бил үү” гэж ярив. Малын эвэрт сүлбүүлсэн, элдэв хорхой нүдэнд нь орсон, хутга, сэрээ, хурц үзүүртэй зүйлд хатгуулсан, осол гэмтэлд өртсөн, нүдний болор нь цайсан, зовхины үрэвсэл, хялар харах, хавдар гээд түмэн асуудалтай хүүхэд тус эмнэлэгт олон байв. Энэ оны эхний хагас жилд тус эмнэлгийн Тандалт судалгааны албаны “Хүүхдийн нүдний эрүүл мэндийн мэдээлэл” программд бүртгүүлэн 21 аймаг, нийслэлийн найман дүүргийн нүдний эмнэлэг, тасгаар үйлчлүүлсэн 15.787 хүүхдийн 50 хувь нь ямар нэг өвчин эмгэгтэй байжээ. Тиймээс хүүхдийнхээ нүдийг хамгаалах талаар ярих цаг хэдийнэ болсныг тус эмнэлгийн Хүүхдийн нүдний мэс заслын тасгийн эмч нар хэлэв. Тэд зүгээр ч ярих бус, үйл хэрэг болгоод эхэлжээ. Тус эмнэлэгт “Монголын нүд судлалын шилдэг загвар-Хүүхдийн хараа хамгаалах сүлжээ” төслийг 2014 оноос хэрэгжүүлсэн аж. 2018 он хүртэл үргэлжлэх уг төслийн хүрээнд олон ажил амжуулсны нэг нь Хүүхдийн нүдний эрүүл мэндийн мэдээлэл” хэмээх онлайн программ бүтээж, хэрэглээнд нэвтрүүлсэн явдал. Орон нутгийн болон нийслэлийн эмч нар хүүхдийн нүдийг үзсэн л бол мэдээллээ уг программд оруулах Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан аж. Мэдээллийн нэгдсэн сантай болсноор улсын хэмжээнд 0-18 насны хүүхдийн нүдний өвчлөл, хүйс, бүтцээрээ ямар байгааг мэдэхийн зэрэгцээ хэрхэн сэргийлэх, эмч нараа мэргэшүүлэх зэрэг олон ажил тодорхой болох гэнэ. Дээрх төслийн хүрээнд 21 аймгийн 338 сумын эмч нарт хараа шалгах таблиц илгээжээ. Ийм таблицтай болсноор өрх, багаас эхлээд сургууль, цэцэрлэгийн эмч нар хүүхдийн харааг эрт оношилж, хүндрэхээс сэргийлэх боломж той болж буй юм.
Хүүхдээ уйлахаар ухаалаг утсаа өгөөд аргалдаг аав, ээж бишгүй. Нэг удаа уйлахаас нь айж насан туршид нь уйлах эхлэлийг бид тавьж болохгүй. Өдрөөс өдөрт бүх зүйл цахимд шилжиж, гэр бүлийн гишүүд ч хоорондоо халуун дулаан яриа өрнүүлэхээсээ илүүтэй ухаалаг утастайгаа нөхөрлөхийг илүүд үздэг болсон мэдээллийн энэ эринд үр хүүхдээ эрүүл саруул өсгөх хариуцлагын өмнө ирээд байна. Хайрлаж байна гээд хор болох зүйлсийг зөвшөөрөөд байвал ирээдүй хойч минь “дөрвөн нүдтэй” цаашлаад хорвоог харах боломжгүй болох дээрээ тулах нь.
Хайрын цаана нуугдсан “хулгайчаас” хүүхдийнхээ нүдийг хамгаалах сонголт бидэнд бий. Компьютерын элдэв тоглоом, фэйсбүүк, youtube гээд хүүхдүүдийг уруу татах бүхэнд хамгийн их чилээрхдэг нь нүд. Тиймээс хүүхдээ багаасаа нүдээ хайрлаж, хамгаалах дадал хэвшилтэй болгохыг эмч нар хэлж буй. Ялангуяа хүүхдээ сургуульд орохоос нь өмнө буюу 3-5 настай байхад нь харааг нь шалгуулахыг онцгойлон захив. Хөгжингүй орнуудад ийм насны хүүхдийн харааг шалгаж, элдэв эмгэгээс урьдчилан сэргийлдэг тогтолцоо бүрдээд уджээ. Хүүхдүүд гар нүүр, шүдээ угааж хэвшсэн шигээ нүдээ хайрлах энгийн дасгал, арга аргачлалыг эцэг, эх, багш нар нь зааж өгдөг юм байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 40 минут хичээллээд 10 минут амардаг нь ч шинжлэх ухааны үндэслэлтэй нүд амраах арга. Хол, ойрыг тэнцвэржүүлэх байгалийн дасан зохицох чадвар нь алдагдсанаас нүдэнд эмгэг үүсдэг гэнэ. Ухаалаг утсаар олон цаг тоглосон хүүхдийн нүдэнд ойрын зайн хялар үүсдэгийг БНСУ-ын эрдэмтэд тогтоожээ. Тиймээс нүдээ байнга амрааж, “20 минут тутамд зургаан метр газрыг 20 секунд хар” гэсэн зарчим баримтлахыг эмч нар зөвлөв.
Анхан шатны үзлэгээр 0-18 насны хүүхдийн нүдний эмгэгийг эрт илрүүлснээр хоёр ба гуравдугаар шатлалын эмнэлэг рүү хугацаа алдалгүй илгээж, эмчлэх нь сул хараатай болох, сохрохоос сэргийлэхэд зайлшгүй чухлыг Ч.Цэнгэлмаа эмч онцолсон. Ингэж шат дараатай арга хэмжээ авахгүй бол эрүүл мэндийн мэдлэг тааруу эцэг, эхчүүдээсээ болж хүүхдүүд эмчид оройтож хандаж, эмчлүүлэх боломжоо алдсаар байна. Монгол, Японы бага насны хүүхдийн харааны гажгаас үүдэлтэй мохос хараа (сул хараа) нь олон улсын дунджаас 1.5 дахин их байгаа аж. Тиймээс сум, өрхийн эмч, цэцэрлэгийн багш, сувилагч нарт хүүхдийн нүдийг хамгаалахад чиглэсэн анхан шатны тусламж үзүүлэх, хараа шалгахад шаардагдах мэдлэг, чадвар эзэмшүүлэх, болор цайх өвчин, төрөлхийн глауком, хорт хавдар, хугарлын гажиг, хялар харах, зовхины эмгэг зэргийг эрт илрүүлэх тогтолцоо зайлшгүй шаардлагатай байна.