Жил бүр хүйтэн сэрүүний улиралд амьсгалын замын цочмог халдварын дэгдэлт эхэлж, эмнэлгийн ачаалал нэмэгддэг. Ялангуяа бага насны хүүхдүүд хүндээр өвчилдөг энэ үед ХӨСҮТ-д Японы Халдварт өвчний үндэсний хүрээлэнгийн томуугийн лавлагааны төвийн хоёр мэргэжилтэн ирж, сургалт явуулжээ.
ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч Б.Дармаа “Манай улсад 200 гаруй төрлийн вирус амьсгалын замын цочмог халдвар үүсгэж байна. Зонхилон тархаж буй вирусийг илрүүлэх хамгийн сүүлийн үеийн мэдрэг, өвөрмөц чанартай аргыг Ховд, Дорнод, Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт нэвтрүүлсэн. Олон улсын байгууллага, ЭМЯ-ны тусламж, дэмжлэгээр цөөнгүй ажил хийсний нэг нь дээрх дөрвөн аймгийн лабораторийн мэргэжилтэн болон ЭХЭМҮТ-ийн эмч нарт зориулсан энэ сургалт юм. Японы Халдварт өвчний үндэсний хүрээлэнгийнхэн 2020 он хүртэл бидэнтэй хамтран ажиллана. Хүн амын дунд томуугийн А хүрээний цар тахлын H1N1, H3N2, В хүрээний гэсэн гурван төрлийн вирус зонхилж байна” гэв.