“Хаппи Веритас” оношилгооны төв элэгний хорт хавдрыг бууруулах “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд иргэдээс үнэ төлбөргүй шинжилгээ авах сарын аян зарлалаа. Уг шинжилгээгээр элэгний үйл ажиллагааны гол үзүүлэлт болох алат, асатын түвшнийг хэмжиж, оношлох юм байна. Алат нь вирусийн халдвар, өөхлөлт, эмийн гаралтай хордлогыг илрүүлдэг аж.
Харин асат нь зүрхний үйл ажиллагаа, булчин гэмтэх зэргийг оношилдог. Монголын 10 хүн тутмын найм нь архины зохисгүй хэрэглээ, буруу хооллолтоос болж элэг нь ямар нэг өөрчлөлттэй байдаг гэнэ. Алат, асатын хэмжээ эмэгтэйчүүдэд 24, эрчүүдэд 42-оос доош байвал хэвийн гэж үздэг. Шинжилгээний хариу өөрчлөлттэй гарвал эхний сарын эмчилгээний эмийг үнэ төлбөргүй олгох юм байна.
Иргэд шинжилгээ өгөхийн өмнөх өдөр согтууруулах ундаа хэрэглээгүй байх шаардлагатай. Мөн өлөн дээрээ шинжилгээ өгөх хэрэгтэйг санууллаа. Тус аян ирэх сарын 7-ныг хүртэл үргэлжлэх юм.