Япон улсын Кобэ хотын “Надэшико” шүдний эмнэлгийн эмч Казухиро Курода АШУҮИС-ийн Нүүр, ам судлалын сургуулийн Хүүхдийн нүүр ам судлал, урьдчилан сэргийлэлтийн тэнхимийн багш нартай хамтран хөгжлийн бэрхшээлтэй 18 хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй үзэж, эмчилгээ хийжээ. Мөн энэ үеэр хүүхдийн шүдний эмчээр сурч буй хүмүүст үзүүлэх сургалт явуулсан гэнэ.
Манай улсын өсвөр насныхны олонх шүд нь өвчилсөн, амны хөндий нь эмгэгтэй байдаг талаар эмч нар ярьдаг. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэнд тааруу байдаг нь судалгаагаар нотлогджээ. Казухиро Курода эмч 1992 оноос хойш өдийг хүртэл жилд гурван удаа манай улсад ирж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн шүдийг эмчилж буй аж. Тэрбээр “Энэрэл дент” шүдний эмнэлэгтэй хамтран эмч, мэргэжилтнүүдэд урьдчилан сэргийлэх арга хэмжээ явуулах, төлөвлөх болон эмчилгээний арга техник заадаг гэнэ.
Мөн цэцэрлэг, сургуулийн бага ангийн хүүхдүүдэд амны хөндийн эрүүл мэндийн талаар хичээл ордог юм байна. Харин өнгөрсөн оноос “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо”-ны хүсэлтээр АШУҮИС-ийн Нүүр, ам судлалын сургуулийн багш нартай хамтран тус холбоонд элссэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч нарт хүүхдийн амны хөндийн эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амны хөндийн онцлог, хэрхэн арчилж цэвэрлэх тухай мэдээлэл өгдөг болжээ.