Швейцарийн судлаачид ibuprofen зэрэг хямд үнэтэй, өвчин намдаагч эм бусад өвчний эх үүсвэр байж болохыг тогтоосон байна. Ийм төрлийн өвчин намдаах эмнүүд яваандаа зүрх судасны өвчин болон цус харвах эхлэл болдог гэж буурал тивийн шинжээчид үзэж байгаа аж.
Швейцарийн Цюрих хотын зүрхний эмгэг судлалын эмч, доктор Фрэнк Русчитзкагийн удирдсан судалгааны баг 444 өвчтөний түүхэнд дүн шинжилгээ хийсний үр дүнд ийм хариулт гаргаж иржээ.
Гэхдээ өвчин намдаах зориулалттай энэ төрлийн эмнүүд хүний биед сөрөг нөлөөтэй болохыг анх тогтоосон хүмүүс нь швейцарьчууд биш. Өнгөрсөн оны есдүгээр сард Италийн хэсэг эрдэмтэд ibuprofen эмийг өвчин намдаах зорилгоор ууснаас болж, ихэнх нь зүрхний ямар нэг эмгэгтэй болж байгааг илрүүлсэн билээ. Мөн өнгөрсөн гуравдугаар сард Копенхагений их сургуулийн эмч нар ч бас ийм мэдэгдэл хийж байв.
Доктор Фрэнк Русчитзка өвчин намдаах эмийг бүр мөсөн хоригловол жил бүр цус харвалтаар 70 мянга, зүрхний титэм судасны өвчнөөр 60 мянган хүн нас барах нь багасна гэж үзэж байгаа аж.
Эх сурвалж: Daily Mirror