Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийг нь хөнгөлдөг эмийг авах гэж иргэд багагүй бэрхшээлтэй тулгардаг. Даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан эмийн сангуудын хөнгөлөлттэй үнээр олгох эм нь сарын эхний долоо хоногт л дуусчихдаг учраас олон иргэн шаардлагатай эмээ авч чадалгүй буцдаг. Тэгвэл ЭМНДЕГ-аас хөнгөлөлттэй үнээр олгох эмийг иргэдэд хүртээмжтэй байлгах, нөгөө талаас төсөв хэмнэх зорилгоор байгууллага дотроо хэлэлцүүлэг өрнүүлж буй аж.
Тодруулбал, 1000 төгрөгийн үнэтэй эмийг 80 хувь хөнгөлж байсан бол 40 хувь болгон танаж, өөр нэг хүнд хямд өртгөөр эм авах боломж бүрдүүлэх гэнэ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 183 ерөнхий нэршлийн 817 нэр төрлийн эмийг гэрээт эмийн сангууд 40-80 хувь буюу 500-65.000 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр худалдаж байна. Үүнд зарцуулахаар өнгөрсөн онд 26.8 тэрбум төгрөг төсөвлөжээ.