-Сайн байна уу. Танай эмнэлэг элэгний В, С вирусийн илрүүлэг шинжилгээ хийж байгаа юу?
-Тийм ээ. Манай өрхийн эмнэлэгт шинжилгээ өгөх зорилтот бүлгийн буюу 40-65 насны 2241 хүн бий. Тэдний 40 хувийг шинжилгээнд хамруулсан.
-Нэг хүнд шинжилгээ хийхэд 2800 төгрөг зарцуулахаар тооцсон. Энэ мөнгө хүрэлцэж байна уу?
-Бид нэг хүнд шинжилгээ хийхэд хэчнээн төгрөг зарцуулахыг тооцоолон гаргасан ч ЭМЯ, ХНХЯ, ЭМНДЕГ-аас 2800 төгрөгөөр тогтоосон юм билээ. Гүйцэтгэлээр санхүүжүүлнэ гэсэн ч одоогоор ямар ч мөнгө аваагүй. Оношлуурын зардлыг эмнэлгийнхээ төсвөөс гаргаж байна. Вирус илрүүлэх нэг ширхэг тестийг 4000, нэг хайрцаг бээлийг (50 ширхэгтэй) 8000 төгрөгөөр худалдан авдаг. Шинжилгээ хийхэд аюулгүйн хайрцаг маш чухал. Үүнийг 120.000 төгрөгөөр авсан.
Мөн нэг удаагийн тариур, хөвөн, наалт, ариутгалын бодисын үнийг өөрсдийнхөө зардлаас төлсөн. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд бүртгэгдсэн иргэний тоогоор санхүүжилтийг нь өгсөн. Нэг иргэнийг 10.800 төгрөгөөр тооцож, санхүүжилт олгодог юм. Нэг хүнд 4000-5000 төгрөгөөр илрүүлэг шинжилгээ хийж буй учраас 2800 төгрөг хүрэлцэхгүй байгаа. Манай эмнэлэгт зургаан эмч ажилладаг. Би дарга нь ч гэлээ төсвөө хэмнээд жирэмсний амралтаа авсан эмчийнхээ оронд хоёр жил ажилласан.
-Танай эмнэлэг машинтай юу?
-Машинтай болсон. Өмнө нь Эрүүл мэндийн төвийн “Яармаг” салбар руу шинжилгээний сорьцоо хөлсний тэргээр зөөдөг байлаа.
Хан-Уул дүүргийн нэгэн өрхийн эрүүл мэндийн төвийн дарга ингэж ярив.
Сайн нэргүй ч ажлын ихэнхийг нугалдаг, эрүүл мэндийн анхан шатны нэгж болох өрхийн эрүүл мэндийн төвүүдийн өнөөгийн байдал ийм байна. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр эрүүл мэндийн даатгалын мөнгийг иргэдэд буцаан олгох, монголчуудын толгойны өвчин болсон элэгний вирус, хавдрын нас баралтаас сэргийлэх олон сайн талтай. Гэвч сайхан хөтөлбөрийн цаана үр дүн чухал. Элэгний хавдрын 90 хувь нь вирусийн гаралтайг эмч нар хэлдэг. Тиймээс бидний эхний алхам элэгний В, С вирусийг зөв шинжилж, хариуг нь бодитой гаргах явдал.
Буруу хариу хүний амьдралд ямар том асуудал дагуулах нь ойлгомжтой. 40-65 насны иргэд харьяа нутаг дэвсгэрийнхээ эмнэлэгт үнэ төлбөргүй шинжилгээ өгөх, цаашлаад вирус тоолуулах, эмчлүүлэх зардлаас хөнгөлөх боломжийг төр олгож буй. Харин энэ ажлыг үнэн бодитой, зөв зохион байгуулах нь ЭМЯ, харьяа газар, эмнэлгүүдийн үүрэг. Гэтэл вирус үнэ төлбөргүй илрүүлэх, тоолох ажил ерөнхийдөө зогсчээ. Учир нь ЭМНДЕГ-аас олгох санхүүжилт дууссан гэх. Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр зорилтот бүлгийнхэнд үнэхээр хэрэгтэй, чухал ажил.
Үүнийг дагаад мөнгө санхүүгийн асуудал гарч байгаа. Вирус илрүүлэх шинжилгээний төлбөрийг нэг хүнд 2800 төгрөгөөр тооцсон. Үүнд эмч, ажилтнуудын цалин, илүү цаг, шатахууны өртөг багтаагүй. Үүнээс болоод оношлуурын нийлүүлэлт, чанарт асуудал гарч магадгүй” гэсэн бол Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлага “Эрүүл мэндийн даатгалын мөнгөө иргэд ашиглаж чаддаггүй байсан. Ядаж вирусийн шинжилгээ үнэгүй өгөх, хөнгөлөлттэй үнээр эм авах боломж бүрдсэнд талархдаг. Вирус илрүүлэх шинжилгээнд хамрагдах ёстой нийт хүний 20 хувьд нь тооцож санхүүжилт олгосон. Үүний дагуу манай дүүргийн эмнэлгүүд оношилгооны сорьц өгсөн ч лабораториуд санхүүжилтгүй гээд шинжилгээ хийхгүй зогсоочихсон нь харамсалтай” гэв.
Эрүүл мэндийн даатгалын сангаас С вирусийн эсрэг эмийн үнийн хөнгөлөлтөд 18.4, оношилгоо, шинжилгээнд 4.9 нийт 23.3 тэрбум төгрөг зарцуулахаар баталсан. Шинжилгээ буюу вирус тоолоход зарцуулах 4.9 тэрбум төгрөгийн санхүүжилт дуусаж, сонгон шалгаруулалтад тэнцсэн 22 лабораторийн төсвийг зузаалсан тухай бид өмнөх нийтлэлдээ (2017оны наймдугаар сарын 31) мэдээлсэн билээ. Тэгвэл В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд 40-65 насны даатгалтай иргэдийг хамруулахдаа нэг хүний 2800 төгрөгөөр тооцон, Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.5 тэрбум төгрөг төсөвлөсөн.
Энэ оны наймдугаар сарын 1-ний байдлаар зорилтот бүлгийн 741 мянган иргэнээс 250 мянга нь шинжилгээнд хамрагдаж, Эрүүл мэндийн даатгалын сангаас 700 сая төгрөг олгожээ. Дээр дурдсан 1.5 тэрбум төгрөгөөс 700 сая нь эзэндээ хүрсэн гэсэн үг. Ингэхдээ нэлээд асуудал дагуулжээ. Тодруулбал, өрх, сум, дүүрэг, аймгийн эмнэлгүүд нэг хүнд 2800 төгрөгт багтаан оношилгоо хийх гэж хойд хормойгоо авч, урд хормойгоо нөхөж байж. Нэг хүнд шинжилгээ хийхэд түргэвчилсэн оношлуур, бээлий, тариур, хөвөн, ариутгалын бодис, наалт зэрэг олон зүйл хэрэглэдэг бөгөөд үүнд нь дээрх мөнгө хүрэлцэхгүй байгааг өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар ярьж буй.
Үүн дээр нэмээд оношилгооны хариугаар вирустэй гарсан иргэний сорьцыг дүүрэг, аймгийн эмнэлэг рүү тээвэрлэхэд шатахууны зардал, хүн хүчний хэрэгцээ их байгаа. Энэ бүхнийг бодитой тооцоогүйгээс олгосон мөнгөнд нь тааруулан хямд оношлуур авч хэрэглэж буй нь хамгийн уршигтай. Ингэснээр шинжилгээний хариу буруу гарах аюултай. Түргэвчилсэн оношлуураар хариу нь эерэг буюу вирустэй гарсан тохиолдолд сонгон шалгаруулалтад тэнцсэн 22 лабораторид вирусээ үнэгүй тоолуулах юм.
Гэтэл ЭМНДЕГ-аас тэдгээрт олгох 4.9 тэрбум төгрөг сарын өмнө дууссан гэх. Сүр дуулиантай эхлүүлсэн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн гол зорилго болсон элэгний вирус илрүүлэх, оношлох, эмчлэх ажил ийнхүү алдаа мадаг ихтэй байгаад халаглаж буй эмч, мэргэжилтэн цөөнгүй байна. Иргэдэд ээлтэй, үндэсний томоохон хөтөлбөрийн алдааг засаад, илүү сайн хэрэгжүүлээсэй гэж хүн бүр хүсэж буй. Тиймдээ ч “Өнөөдөр” сонин болохгүй бүтэхгүйг нь шүүмжилж, алдааг нь засуулахыг хичээж байгаа билээ.
Ингэхийн тулд анхан шатанд тусламж үзүүлж буй өрхийн эрүүл мэндийн төвүүдэд олгох нэг хүний оношлуурт зарцуулах 2800 төгрөгийг 5000-6000 төгрөг болгох нь бодит амьдралд нийцнэ гэж судлаач, эмч нар хэлж байна. Ингэж нэмэх боломж бий гэнэ. Тухайлбал, 40, 45, 50, 55, 60, 65 насны даатгуулагчийн эрт илрүүлэх, үзлэг оношилгоо, шинжилгээний гурван төрлийн багцаас зөвхөн нэгийг нь сонгон тусламж үйлчилгээний зардлыг даатгалын сангаас гаргахаар болсон. Үүнд 8.7 тэрбум төгрөг зарцуулахаар тооцож нэг багц шинжилгээний үнийг 50.000 төгрөг байхаар тусгажээ.
Гэтэл зах зээлийн ханшаар нэг багц шинжилгээний үнэ 81.000-130.000 төгрөг болж байгаа юм. Ийм шинжилгээ хийх эмнэлэг, лабораториудын дунд нээлттэй тендер зарласан ч оролцох хүсэлтэй нь цөөхөн байгаа аж. Учир нь 50.000 төгрөгөөр багц шинжилгээ хийх боломжгүй бөгөөд хэрэв хийвэл хямд төсрийг нь бодож чанар, чадал муутай тоног төхөөрөмж ашиглан, буруу зөрүү хариу гаргах эрсдэлтэй гэж эмч нар ярьж буй. Энэ нь үндэслэлтэй бөгөөд хэрэв дээрх мөнгөнд багтаая гэвэл багцын шинжилгээний тоог хасах, эсвэл үнийг нь нэмэх шаардлагатай гэж үзэж байна.
Зарим нь багц шинжилгээнд зарцуулах 8.7 тэрбум төгрөгөөс урьдчилан сэргийлэх хамгийн гол ажил буюу эрт илрүүлэх оношилгооны зардалд нэмэрлэх хэрэгтэйг дуулгасан. Тэгэхгүй бол тендер нэрээр шалгарсан компаниуд мөнгөнд хясагдсан өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хямд үнэтэй, чанар муутай оношлуур “шахах” эрсдэл үүсээд буй. Ихэнх нь олгосон мөнгөнд нь тааруулан оношлуур болон бусад хэрэгтэй зүйлээ авчээ. Үүний горыг иргэд л амсана. Тиймээс анхнаасаа чанартай оношлуураар бодит хариу гаргаж, түүнийг нь лабораториуд зөв шинжлэх нь чухал.
Өнөөдөр хэдэн төгрөг халааслахаа аль аль нь урьтал болголгүй үндэсний хэмжээний томоохон хөтөлбөр, ард иргэдийн амь, эрүүл мэндтэй холбоотой амин чухал ажил гэдгийг хаана хаанаа мартаж боломгүйг бодит жишээнүүд бэлхнээ харуулж байна. Вирус илрүүлэх тест аль улсад үйлдвэрлэсэн, ямар чанартай гэдгээс хамаарч үнэ нь харилцан адилгүй. Гэтэл даатгалаас олгож буй 2800 төгрөгт багтаах гэж газар дээр нь ажиллаж буй эмч, сувилагчид аргаа барж байна. Ингэж эрүүл мэндийг үнэгүйдүүлж боломгүй.
Бид урьд нь бичиж байсанчлан Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох таван тэрбум төгрөгийг эрүүл мэндийн сайдтай нэр холбогддог арьс харшлын эмнэлэг тэргүүтэй лабораториудад хуваарилаад дууссан. Алтыг нь аваад авдрыг нь хаяна гэдэг шиг санхүүжилтийг нь авчихаад үлдсэн иргэдээ шинжилгээ, оношилгоонд оруулах төсөв мөнгийг хэрхэх талаар холбогдох газрууд нь таг чиг байна. Үүний зэрэгцээ шинжилгээний хариуг үнэн бодитой гаргахад анхаарах цаг болжээ. Энэ хэвээр хөтөлбөр үргэлжилбэл төр засаг нь хийж бүтээсэн нэр зүүж, түмэн олон нь эмчлүүлсэн гэж сэтгэлээ хуураад л өнгөрөх нь.