Манай улс 2007 оноос элэг шилжүүлэх мэс засал хийж, 2015 онд монгол эмч нар бие даан хагалгаа хийсэн юм. Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг зөвхөн УНТЭ-д хийдэг. Харин ХСҮТ-ийнхэн уг хагалгааг хийхээр төсөл боловсруулж, багаж техник, эмч, мэргэжилтнүүдээ бэлтгэж байна. Энэ талаар тус эмнэлгийн захирал, доктор Ж.Чинбүрэнгээс тодрууллаа.
-Элэг шилжүүлэн суулгах мэс засал хийх эмнэлгийн тоо нэгээр нэмэгдэх нь. Бэлтгэл хэр хангагдав?
-Бэлтгэл ажлыг хүний нөөц, барилга байшин, санхүү буюу хэрэглэх эм, эмийн хэрэгсэл гэсэн үндсэн гурван хэсэгтэй гэж үзэж болно. Гацаад байгаа гол зүйл барилга байшин. Тодруулбал, эмнэлгийн өргөтгөлийн барилгад байрлах хагалгааны болон хагалгааны дараах өрөөний угсралт, тохижилт дуусах болоогүй байна.
-Элэг шилжүүлэн суулгасан туршлага байхгүй учраас эмч, сувилагчдаа бэлтгэх нь хамгийн чухал болов уу. Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч нар та бүхэнтэй хамтарч ажиллах уу?
-Бид элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийдэг хэд хэдэн газартай хамтран ажилладаг. Тухайлбал, БНСУ-ын “Самсунг” эрүүл мэндийн төвтэй 2012 оноос хойш хамтран ажиллаж байна. Тус төвд элэг шилжүүлэн суулгах багийн гишүүдээ сургаж байгаа. Тэд өнгөрсөн онд манай эмнэлэгт ирж, сургалт зохион байгуулж, бэлтгэл ажилд маань тусалсан. Мөн УНТЭ-т 24 сувилагч сургалаа. Эхний хагалгаанд “Самсунг”-ийн баг зөвлөхөөр ирж оролцоно.
-Танай эмнэлэгт жилд элэгний хавдартай хэчнээн хүн ханддаг вэ. Эхний ээлжинд хагалгаа хийх хүнээ сонгосон уу?
-Жилдээ бид элэгний 450 орчим мэс засал, эмчилгээ хийдэг. Энэ нь элэг шилжүүлэн суулгах том суурь, бааз болж байгаа. Элэг шилжүүлэн суулгах шаардлагатай 64 хүн жагсаалтад байгаа ч одоогоор хагалгаа хийх хүнээ сонгоогүй. Тухайн хүний өвчний байдал, хавдрын явц зэргийг тусгай комисс үнэлж, мэс засалд сонгон оруулна.
-Хоёр эмнэлэгт ингэж эрхтэн шилжүүлэх хагалгаа хийснээр сайн эмч нараа хуваах, цаашлаад төсөв мөнгө тарамдана гэж шүүмжлэх хүн цөөнгүй. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Хэдий манай улс хүн ам цөөтэй ч элэгний өвчлөл бусад ямар ч оронд байхгүй их тохиолддог. Элэгний өвчнөөр нас бардаг хүний тоо дэлхийн дунджаас найм дахин олон учраас хэд хэдэн төв байх шаардлагатай. Сүүлийн жил зургаан сарын хугацаанд 160 хүн гадаадад элэг солиулж, 11 сая ам.доллар зарцуулжээ. Бидний туйлын зорилт монгол хүнд анагаах ухааны ололтыг эх орондоо санхүүгийн дарамтгүй хүргэхэд оршино. Хоёр эмнэлэг дор хаяж жилд 40-60 хүнд элэг шилжүүлэн суулгах хэрэгцээ шаардлага байна.