Бамбай булчирхан хорт хавдрын талаар хүн бүр сайн мэддэггүй. Бамбай булчирхай нь цагаан мөгөөрсөн хоолойн ойролцоо төвөнхийн суурин хэсэгт байрладаг эрвээхэй хэлбэртэй баруун, зүүн хос дэлбэнтэй булчирхай юм. Бамбайн булчирхайнаас ялгарах дааврууд нь зүрхний хэмнэл, цусны даралт, цусан дахь кальцийн түвшинг хэвийн байлгах үүрэгтэйгээс гадна хүний бие махбодод орж ирсэн хоол тэжээлийн зүйлийг энерги болон хувирах явцад оролцдог чухал эрхтэн. АНУ-ын эрүүл мэндийн судалгааны байгууллагын үзсэнээр дөрвөн төрлийн хавдар байдаг бөгөөд гол төлөв 25-65 насны эмэгтэйчүүд, тэр дундаа ази гаралтай бүсгүйчүүдийн дунд элбэг тохиолддог өвчин гэнэ.
Ингээд уг өвчний шинж тэмдгээс хэлж өгье.
1. ХҮЗҮҮ, ХООЛОЙ ӨВДӨХ
Бамбай булчирхайн хорт хавдрын хамгийн түгээмэл шинж тэмдэг бол хоолой, хүзүүгээр өвдөх гэнэ. Хүзүүнээс гадна чих хүртэлх толгойн ар тал тэр чигээрээ хөндүүрлэж өвдөж болохыг эмч нар сануулдаг.
2. ЗАЛГИХАД ХҮНДРЭЛТЭЙ
Учир нь хорт хавдар бамбай булчирхайг энгийн хэмжээнээс томруулдаг тул юм идэх, ус ууж, элдэв юм залгихад хөндүүрлэж өвддөг. Энэ бол бас нэг гол шинж тэмдэг.
3. ДУУНЫ ӨНГӨ ӨӨРЧЛӨГДӨХ
Бамбай булчирхайгаар өвдсөн ихэнх хүний дууны өнгө өөрчлөгддөг. Хоолой огт өвдөхгүй мөртлөө дууны өнгө өөрчлөгдөж, сөөж мэдэх юм.
4. БАМБАЙ БУЛЧИРХАЙ ТОМРОХ
Бамбай булчирхай мэдэгдэхүйц томордог. Арьсны цаанаас гараараа барьж үзэхэд л илт мэдрэгдэнэ. Америкийн хавдар судлалын нийгэмлэгээс ийм шинж тэмдэг хорт хавдрын хүнд шатанд тохиолддог гэнэ.
5. ТУНГАЛАГИЙН БУЛЧИРХАЙ ҮРЭВСЭХ
Тунгалагийн булчирхай үрэвсэж, хүзүү хавиар овгор зүйл товойж байвал яаралтай эмчид хандах хэрэгтэй.
6. ХАНИАЛГАХ
Америкийн хавдар судлалын байгууллагын мэдээлснээр удаан хугацаанд ханиалгаж явбал ийм хорт хавдрын шинж тэмдэг байх магадлалтай.
7. АМЬСГАЛАХАД ХҮНДРЭХ
Амьсгалахад хүнд болж, өвдөж байвал хорт хавдрын бас нэг шинж тэмдэг аж.
Энэ төрлийн өвчнийг ихэнхдээ санамсаргүйгээр илрүүлэх нь бий. Хэрвээ танд ийм шинж тэмдэг илэрч байвал шаардлагатай шинжилгээг өгвөл илүүдэхгүй. Ялангуяа эмэгтэйчүүд илүү тусдаг өвчин юм. Эрчүүдийг бодвол бүсгүйчүүд бамбай булчирхайн хорт хавдар туссан тохиолдол дөрөв дахин их байдаг аж. Эдгээр шинж тэмдгүүд нь нийтлэг өвчний шинж болдог учир тэр бүр тоохгүй байсаар эмчилгээ хийлгүй хүндрүүлэх шинж тэмдэг илэрдэг.