Өдөрт зургаан цагаас бага унтдаг хүний тархины хөгжил олон жил архи уусан хүнийхтэй ижил түвшинд байдгийг судлаачид тогтоожээ. Орчин үеийн өвчин гэж нэрлэдэг нойрдгүйдлийн улмаас хүний биед их өөрчлөлт гардаг, тодруулбал, таргалалт, сэтгэл гутрал, зүрхний шигдээс болон цус харвах эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг шинжээчид баталдаг аж.
Гэвч судлаачид үүнээс илүүтэйгээр тархинд ноцтой гэмтэл учруулдаг болохыг тогтоожээ. Эрдэмтэд өмнө нь нойр дутуу явбал тархинд сөрөг нөлөөтэй гэж таамагладаг байсан ч шинэ судалгаагаар бүр ч ноцтой болох нь илэрсэн юм.
Тэд 18 цаг нойргүй явсан хүний тархи архи ууж согтсон хүнийхтэй ижил байдгийг илрүүлжээ. Тиймээс олон цаг унтаагүй үедээ жолооны ард суувал согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ жолоо барьсан хүнээс ч илүү аюултай байдаг гэнэ.
Түүнчлэн Уэйстрен их сургуулийн эмч доктор Адриан Оуэний ярьснаар бол нойргүйдэл нь хоол идэх дааврын зохицуулалтад нөлөөлдөг бөгөөд үүний улмаас хоолны дуршил багасах, хэт их идэх, илүүдэл жинтэй болох үндсэн шалтгаан болдог гэнэ.Мөн нойр дутуу үед анхаарал төвлөрүүлэх чадвар мууддаг аж. Зөвхөн Канад улсад гэхэд гурван хүний нэг нь нойргүйдэлтэй байдгийг тогтоожээ.
Нойр дутуу явахад тархи өөрийгөө "идэж" мууддаг болохыг судлаачид тогтоосон юм. Унтах үед тархи өөрийгөө цэвэршүүлэх эсүүд илүү идэвхтэй ажилладаг бололтой. Тиймээс сайн нойр авах нь хүний тархи хэрэггүй эд эсээ цэвэрлэхэд тусалдаг аж.
Нойр сайн авахын тулд:
- Үдээс хойш амрахаас зайлсхий. Өдрийн 16:00 цагаас хойш амрах нь тохиромжтой цаг биш. Хэрвээ буйдан дээр суухад хэцүү байвал оронд нь хатуу сандал дээр сууж, нойроо сэргээх нь зүйтэй.
- Нүдний баг зүүж унтах. Ингэж баг зүүх нь унтах хүслийг төрүүлж, унтах дааврыг идэвхжүүлдэг.
- Унтах үедээ чихээ бөглөх. Гадны дуу чимээнээс ангид байх нь бөх унтахад тус болно.
- Тэжээвэр амьтнаас хол бай. Хэрвээ нохой, муур тэжээдэг бол хамт унтахаас татгалз. Тэд харшил үүсгэдэг тул таныг амраахгүй байж мэднэ.
- Сэрүүлгийн цагаа ойр тавихаас татгалз. Ханан дээрх цаг чинь сэрүүлэгтэй бол таны биед хэрэгтэй. Сэрүүлэг хэт ойрхон дуугарах үед та сэтгэл санааны хямралд орж, бүтэн өдөржин үргэлжлэх магадлалтай.