Аав нь харшилтай бол хүүхдэд нь энэ эмгэг удамших магадлал 50 хувь байдаг гэх. Харин ээж харшилтай бол тэрхүү магадлал 25 хувиар өсдөг байна. Үүнээс гадна ээж харшилгүй ч ураг тээх явцдаа юу идэж хэрэглэснээс шалтгаалан хүүхэд диатезтэй төрдөг гэдгийг анагаах ухааны мэргэжилтнүүд тогтоожээ.
Нэгэнт диатезтэй төрсөн бол аливаа зүйлээс харшлах эрсдэлтэй байдаг гэнэ. Энэ эмзэг байдал нь олон өвчний суурь болдог. Тухайлбал, бага насны хүүхэд машины утаа, барилгын тоос, агаарын бохирдол, металл, тоосонцроос амархан харшилдаг байна. Сүүлийн үед диатезтэй хүүхдийн тоо өссөн хэмээн Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээлж буй. Хүүхэд төрөхдөө эцэг, эхээсээ харшламтгай байдлыг удамшуулан авдаг юм байна.
Бие даасан эмгэг биш ч ээж, аав нь хэрэглэж байгаагүй харь чанартай зүйл хүүхдэдээ өгөхөд л харшлах магадлал өндөр аж. “Эдгээрээс урьдчилан сэргийлэхийн тулд зөв хооллох хэрэгтэй. Энэ ч гоё, тэр ч сайн гэж хүүхдэдээ элдэв зүйл авч өгөх, хэрэглэх хэрэггүй” хэмээн эмч зөвлөв.
Тухайлбал, нярай хүүхдийг элдэв гадаадын тосоор тослох шаардлагагүй. Хүүхдэд сүүлний тос л хамгийн ээлтэй гэнэ. Сүүлний өөхийг хярж хэрчээд аяганд хийж жигнэвэл цэвэрхэн цагаан өнгөтэй тос гардаг. Шаргаасан сүүлний тос түлэгдсэн байдаг учраас зарим тохиолдолд хүүхэд харшлах талтай юм байна.