Долдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн Нялх балчир хүүхдийн хүнсний тухай хуульд гурав хүртэлх настай хүүхдийн хүнсэнд тавигдах шаардлагуудыг нарийвчлан заажээ. Нэн тэргүүнд импортоор оруулж ирсэн хүүхдийн хүнсний бүтээгдэхүүнийг шинжлүүлж, итгэмжлэгдсэн лабораторийн лавлагаа авсан байх ёстой бөгөөд бүтээгдэхүүнд агуулагдсан антибиотикийн хэмжээг заавал бичихийг шаардаж буй.
Мөн сав, баглаа боодол, шошгонд шаардлага тавьсан байна. Жишээ нь, хүүхдийн нэмэлт хүнсний бүтээгдэхүүний шошго дээр “Эхийн сүү бол хамгийн сайн хоол мөн” гэсэн агуулга бүхий бичвэртэй байхыг заажээ. Үүнээс гадна бүтээгдэхүүний тайлбар, хэрэглэх зааврыг монгол хэл дээр бичсэн байх ёстой. Түүнчлэн, савласан хэмжээнээс шалтгаалаад шошго дээрх үсгийн фонд өөр өөр байна.
Тухайлбал, 400 граммын савлагаатай эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тайлбарын үсгийн хэмжээ гурван мм-ээс өндөргүй, тод хараар байна гэж заажээ. Савлагаа нэмэгдэх тусам үсгийн хэмжээ томорно. Нэмэгдэл хоолонд давс, чихэр нэмж болохгүй аж. Мөн хүүхдийн угж, хөхөлт соруултай аяган дээр үйлдвэрлэгч компанийн лого, бүтээгдэхүүнийг хэрэглэх, ариутгах зурган заавартай байхаар хуульчилжээ.