Манай улс өчигдөр Вируст гепатиттай тэмцэх дэлхийн өдрийг “Гепатитыг таслан зогсооё” уриан доор долоо дахь жилдээ тэмдэглэлээ. Энэхүү аюулт өвчнөөс урьдчилан сэргийлж, эндэгдлийг бууруулахад дан ганц эрүүл мэндийн байгууллагын бус, иргэдийн оролцоо чухал. Тиймээс иргэдийн хандлагыг өөрчлөх, эрүүл, зөв дадал хэвшүүлэх, вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулах зэрэгт эрүүл мэндийн байгууллагууд онцгой анхаарч буйг эмч, мэргэжилтнүүд онцоллоо.
Элэгний үрэвсэл үүсгэгч вирустэй дэлхий нийтээр тэмцэж буй. ДЭМБ-аас өнгөрсөн жил “Вируст гепатитын дэлхийн стратеги 2016- 2021” хөтөлбөр батлан, элэгний үрэвслийг таслан зогсооход улс орны Засгийн газар, эрүүл мэндийн асуудал хариуцсан байгууллагууд онцгой анхаарахыг даалгасан. Энэ хүрээнд манай улс “Элэг бүтэн Монгол” нэртэй үндэсний, томоохон хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Өдгөө 40-65 насны 230 гаруй мянган иргэн хөтөлбөрт хамрагдаж, В, С вирусийн илрүүлэг, шинжилгээ өгчээ. Энэ нь хамруулахаар төлөвлөсөн иргэдийн 40 хувь нь аж.
ХӨСҮТ-ийн их эмч, Анагаах ухааны доктор Д.Батдэлгэр “В вирусийн халдвартай иргэдийн зонхилох хувь нь 20-35 насныхан байна. Тэд шивээс хийлгэж, гоо сайхны мэс засалд орох, мансууруулах бодис хэрэглэх нь түгээмэл байдаг нь үүнд нөлөөлдөг.
Энэ төрлийн халдварын тархалт дэлхий даяар өсөж байгаа ч анагаах ухааны салбарынхан эмчилгээний янз бүрийн арга трушиж байна. Би хамгийн сүүлд АНУ-д болсон томоохон арга хэмжээнд оролцох үеэрээ элэгний эмгэгийг эсийн түвшинд оношлох, эмчлэх арга эрэлхийлж буйг мэдсэн” хэмээн өдөрлөгийн үеэр ярилаа.