Явган зорчигчийг мөргөж, амийг нь хөнөөгөөд зугтсан жолоочийг замын цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Өнгөрсөн сарын 20-21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн нутаг, Морингийн даваа орчимд марк, улсын дугаар нь тодорхойгүй автомашины жолооч 58 настай эрэгтэйг мөргөөд, ослын газраас зугтсан аж.
ЗЦА-ны Мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид жолоочийг илрүүлсэн байна. Тэрбээр “Тухайн үед бороо орж байсан. Талийгаач гэнэт л гарч ирсэн. Ослын дараа машинаасаа буугаад, түүнийг дуудахад хөдлөөгүй. Айгаад зугтсан” хэмээн мэдүүлжээ. Жолооч тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг цагдаагийнхан тогтоосон аж. Энэ тухайгаа “Би 20-ны өдөр архи уусан. Амарч байсан газраасаа маргааш өглөө нь явна гэж бодсон ч орой сэрэхэд эрүүл болчихсон мэт санагдсан. Тэгээд л хот руу явсан. Харамсалтай нь, архи гараагүй байжээ” хэмээн тайлбарлажээ.
Уг осол гарсан газар нь үзэгдэх орчин хязгаарлагдмал, ойр орчимд нь хяналтын камер байдаггүй аж. Эл байдлыг далимдуулан жолооч ослын газраас зугтсан гэнэ. Эрүүгийн шинэ хуулиар ослын газар орхин зугтсан тохиолдолд ногдуулах ялыг хүндрүүлсэн юм.