Тайванийн өмнөд хэсэгт газар 6.4 магнитуд хүчтэй хөдөлснийг CNN мэдээллээ. Тодруулбал, Тайванийн өмнөд хэсэгт өчигдөр орон нутгийн цагаар 00.17-д газар хөдөлсөн байна. Газар хөдлөлтийн голомт нь урьдчилсан байдлаар Южинг хотоос хойд зүгт 12 км-ийн зайд 10 км-ийн гүнд болсон аж. Тайванийн гал унтраах албаныхны мэдээлснээр 27 хүн хөнгөн бэртсэн тул эмнэлэгт хүргэсэн гэв. Тэдний дунд Тайнан хотын Наньси дүүрэг дэх нурсан байшингаас гаргасан зургаан хүн, нэг хүүхэд байжээ.
Ташрамд дурдахад, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Тайванийн Хуалиень хотын орчимд газар 7.4 магнитудын хүчтэй хөдөлж, 13 хүн амиа алдан, 1000 гаруй иргэн гэмтэж байв. Тайвань нь Номхон далайн “Галын цагариг” гэгддэг геологийн томоохон хагарал дээр байрладаг тул газар хөдлөлтийн гамшигт өртөмтгий аж.
У.Цэцэг