Өнгөрсөн даваа гаригт АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп Дэд Ерөнхийлөгч Жей Ди Вэнсийн хамт тангаргаа өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ. Тангараг өргөх нь Төрийн нэг тэргүүнээс эрх мэдлийг нөгөөдөө шилжүүлэх, өөрөөр хэлбэл, нэгийнх нь хугацаа дуусаж, нөгөөгийнх нь засаглал эхэлж буй үйл ажиллагааны онцгой чухал хэсэг байдаг юм. АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг “Нэгдсэн улсын Ерөнхийлөгчийн үүргийг үнэнчээр биелүүлж, Үндсэн хуулийг бүхий л хүч чадлаараа дэмжиж, сахиж, хамгаалахаа баяртайгаар тангараглаж байна” гэсэн товчхон үгтэй.
Тангараг өргөх ёслолыг Капитолын дэргэд гадаа хийдэг байсан ч энэ удаад хүйтэн байснаас дотор Конгрессийн танхимд хийв. Уг ёслол тэндхийн үд дунд (Москвагийн цагаар 20.00 цагт) болсон юм. Трамп тангараг өргөхдөө 1955 онд ээж нь бэлэглэсэн, Библийн өөрийн хувийн судар, 1861 онд Авраам Линкольн тангараг өргөхдөө хэрэглэсэн хилэн баринтагтай судар хоёрыг ашиглажээ.
Ёслолд АНУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Билл Клинтон, Жорж Буш, Барак Обама, халаагаа өгч буй Жо Байден болон Дэд Ерөнхийлөгч асан хүмүүс, Сенаторууд, Төлөөлөгчдийн танхимын гишүүд, Унгар, Итали, Аргентин, Сальвадор, Израил, Гүрж улсын удирдагчид оролцов. БНХАУ-ын удирдагчийг урьсан ч тэрбээр өөрийн орлогч Хань Жэнийг Вашингтон руу явуулж. Мөн Трампын гэр бүлийн гишүүн болох хүү Эрик, Дональд, хүргэн Жаред Кушнер, охин Иванка нар ирсэн байлаа. 2009 оноос хойш тангараг өргөх бүх ёслолд оролцсон тэргүүн хатагтай асан Мишель Обама, Төлөөлөгчдийн танхимын спикер асан Нэнси Пелоси нар харин энэ удаад оролцсонгүй. Трамп, Байден хоёр ёслолд нэг унаагаар иржээ. Тэд үүнээс өмнө гэргий нарын хамт уламжлал ёсоор цай ууцгаасан аж. Дөрвөн жилийн өмнө Трамп ийм арга хэмжээнээс татгалзсан төдийгүй Байдений тангараг өргөх ёслолд оролцоогүй.
Ерөнхийлөгчийн тангараг өргөх ажиллагаанд зориулж Америкийн томоохон компаниуд ихээхэн мөнгө цуглуулдаг уламжлалтай. “The Washington post” сонинд мэдээлснээр энэ удаад 150 сая ам.доллар хандивлажээ.
Тангаргийн дараа Трамп ойрын дөрвөн жилд хийх ажлаа тодорхойлсон үг хэлэв. Дараа нь гол гол баримт бичгүүдэд гарын үсэг зурж, албан ёсны хэд хэдэн арга хэмжээнд оролцож, Конгрессын нэгдсэн хорооноос зохион байгуулсан хүлээн авалт болж зоог барив.
Трамп энд хэлсэн үгэндээ Америкийн эрх ашгийг тэргүүнд тавьж, түүхэнд шинэ эринийг нээх болно гэв. 30 минут үргэлжилсэн үгийнхээ эхэнд “Америкийн алтан үе яг одооноос эхэлж байна” хэмээгээд Ерөнхийлөгч байсан хүмүүст талархлаа илэрхийлэв. “Өнөөдрөөс манай орон цэцэглэн хөгжиж, дэлхий дахины хүндлэлийг дахин хүлээх болно. Бид үндэстэн бүрийн атаархлыг төрүүлж, биднийг ашиглах боломжийг хэнд ч дахин олгохгүй” гэж хэллээ. Өөрөөрөө бахархдаг, эрх чөлөөт үндэстнийг бий болгох нь манай засаг захиргааны бодлогын үндсэн чиглэл байх болно гэж тэрбээр мэдэгдсэн байна. “Манай тусгаар тогтнол сэргэн мандана. Аюулгүй байдал хангагдана. Үнэний шүүх жин дарна. Харгислал, хүчирхийлэл, шударга бус явдал, Хууль зүйн яам болон манай Засгийн газрыг зэвсэг болгон ашиглахаа болино” гэв.
“АНУ олон сорилттой тулгарах бөгөөд түүний нэг нь Америкийн Засгийн газарт итгэх үйлс хямралд орсон явдал юм. Радикал үзэлт, авлигад идэгдсэн эрх баригч давхарга олон жилийн туршид иргэдээ, эд баялгаа алдсаны зэрэгцээ манай нийгмийн баганыг бүрэн унагасан юм” гэж хэлжээ. АНУ-ын Засгийн газар одоо улс орныхоо дотоодын ердийн асуудлыг ч шийдэж чадахаа байж, хууль журамд дуулгавартай ханддаг иргэдээ хамгаалах чадваргүй болсон хэрнээ аюултай гэмт хэрэгтнүүдэд орогнох эрх олгож, тэднийг хамгаалах боллоо. Эдний дотор дэлхий дахины шорон, сэтгэхүйн эмчилгээний газруудад байсан хүн олон бий. Бусдын хил хязгаарыг хамгаалахад үлэмж хөрөнгө зарцуулдаг мөртөө Америкийн хилийг, түүнээс ч чухал ард түмнээ хамгаалахаас татгалзсан Засгийн газар манайд байна” гэж Трамп хэлэв. Тэрбээр Умард Каролин, Лос-Анжелесийн байдлын жишээн дээр Байдений Засгийн газрыг шүүмжлээд, онцгой нөхцөл байдал бий болоод байхад зохих тусламж үзүүлээгүй хэмээн зэмлэж, энэ бүхэн өөрчлөгдөнө гэж амлав.
Ташрамд өгүүлэхэд, Жо Байден өөрийн гэр бүлийн хэд хэдэн гишүүнд өршөөл үзүүлж буйгаа бүрэн эрхийн хугацаагаа дуусдагийн босгон дээр зарласан нь Трамп урдах Ерөнхийлөгч, түүний гэр бүлийг мөрдөх тусгай прокурор томилохоо амласантай холбоотой байв. Өршөөл үзүүлсэн энэ шийдвэрийг минь манай гэр бүлийн гишүүд ямар нэг гэмт хэрэг хийчхээд түүнийг нь хүлээн зөвшөөрлөө хэмээн ташаа бүү ойлгоосой хэмээн Байден мэдэгдсэн билээ.
Дэлхийн аль ч улсаас илүү мөнгө зарцуулж байгаа ч АНУ-ын эрүүлийг хамгаалах тогтолцоо хямралтай цаг үед иргэдээ хамгаалж чадахгүй байна гэж Трамп үзэв.
“Бид хүүхдүүддээ хайр энэрлээ хүртээх гэж улайран хичээдэг ч манай боловсролын тогтолцоо тэднийг өөрөөсөө ичих, зарим тохиолдолд эх орноо үзэн ядахад сургаж байна. Өнөөдрөөс энэ бүхэн өөрчлөгдөнө, өөрчлөлтийг маш түргэн хэрэгжүүлнэ. Энэ мөчөөс Америкт шинэ үүр цайна” хэмээлээ.
“Манай үйл хэргийг зогсоохыг хүсэгчид миний эрх чөлөөг, түүгээр ч барахгүй амь насыг минь хөнөөхийг оролдов. “Америкийг дахин агуу болгохын тулд Бурхан намайг аварлаа” гэж тэр үед ч бодогдож байсан, одоо би бүр их итгэх боллоо” гэж Трамп хэдэн сарын өмнө Пенсильванийн талд алуурчин этгээд өөрийг нь буудаж, сум чихийг нь шүргэснийг энд бас дурсаад авав.
“Арьс өнгө, шашин шүтлэгийг нь үл харгалзан иргэддээ итгэл найдвар, хөгжил цэцэглэлт, аюулгүй байдал, энх амгаланг эргүүлж авчрахын тулд бид зорилго чиглэлтэй, шуурхай дайчин ажиллах болно. 2025 оны нэгдүгээр сарын 20 Америкийн иргэдийн хувьд эрх чөлөөний өдөр юм” гэж хэллээ.
Тангараг өргөх ёслолын дараа Трамп гарын үсгээ зурах зарлигуудын дотор улсынхаа өмнөд хил дээр онцгой байдал тогтоох тухай шийдвэр байсан аж. “Хууль бусаар манай улсад орж ирэхийг зогсоож, олон сая гэмт хэрэгтнийг ирсэн зүг рүү нь буцаана. “Бариад суллан тавьдаг” практикийг болиулж, урд хил рүүгээ цэрэг илгээнэ” гэж тэр мэдэгдсэн байна.
Мансууруулах бодис үйлдвэрлэгчдийг алан хядах байгууллага гэж үзэх шийдвэр ч гарын үсэг зурах зарлигууд дотор нь байгаа юм. Эрчим хүчний үнэ нэмэгдсэн, их хөрөнгө зарсан нь мөнгөний ханшийг унагасан гэж үзээд эрчим хүчний үндэсний онцгой байдал тогтоож байгаагаа Трамп зарлав. “Бид нефть өрөмдөнө, Америк үйлдвэрлэгч орон болно” гэж хэллээ. “Хэдэн жилийн өмнө бол хэн ч мөрөөдөж байгаагүй хэмжээнд автомашин үйлдвэрлэнэ. Америкийн ажилчид, айл өрхүүдийг хамгаалахын тулд худалдааны тогтолцоонд даруй реформ хийнэ” хэмээн тэр амлалаа. Гадаадаас оруулж ирж буй бараанд оноох гаалийн болон бусад татварыг нэмэгдүүлэхээр төлөвлөж буй аж. Үүний тулд ч Гадаад орлогын албыг шинээр байгуулж буй юм байна.
Дэлхийн хамгийн хүчирхэг армитай болно гэж Трамп мөн мэдэгдлээ. “Бид амжилтаа ялсан дайнаар төдийгүй магадгүй хэзээ ч оролцохгүй дайнаар ч үнэлж болно”. Бүх дайныг зогсоохоо тэрбээр амлаад, энхийг бүтээгч, нэгдэн нягтруулагч байхыг би хүсдэг гэв. Тэгэхдээ Украин, Оросын тухай амнаасаа үг унагаасангүй. Гэлээ ч тангараг өргөснөөс хэд хоногийн дараа Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар яриулахыг туслагчдаа үүрэг болгосон. Ойрын сард нүүр тулан уулзаж Украин дахь зөрчил тэмцлийг зохицуулах нь уг уулзалтын нэг гол зорилго байх биз ээ хэмээн CNN мэдээлсэн байна. Мексикийн буланг Америкийнх болгож, Мак Кинли уулыг Ерөнхийлөгч Мак-Кинли нэртэй болгох тухай бодож явдгаа илэрхийлэв. Панамын сувгийн талаар төвийг сахихыг шаардсан гэрээг зөрчиж байна хэмээн Панам улсыг буруутгав. Тус сувгийг Панамд өгсөн атал одоо Хятад түүнийг залж чиглүүлж байна. Би түүнийг буцааж авна гэж мэдэгдлээ. “Үндэстнээ эрх чөлөөтэй болгож, шинэ оргил, ялалт, амжилт руу хөтөлнө. Бид хамтдаа халдварт өвчин дэгдэхийг зогсоож, хүүхдүүддээ аюулгүй, эрүүл энх, сайн сайхан байх нөхцөлийг бүрдүүлнэ” гэж Трамп хэлэв.