Дорноговь аймагт газар 3.7 магнитудын хүчтэй хөдөллөө. Тодруулбал, тус аймгийн Алтанширээ сумын нутагт уржигдар 17.20 цагийн орчимд газар 3.7 магнитудын хөдөлсөн байна. Газар хөдлөлтийн төв Алтанширээ сумын төвөөс зүүн зүгт 32, Дэлгэрэхийн төвөөс баруун урд зүгт 38, Хэнтийн Галшир сумын төвөөс урд зүгт 77 километрийн зайд байсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийнхэн мэдээллээ. Чичирхийлэл иргэдэд мэдэгдсэн ч учирсан хохиролгүй гэнэ.
Газар хөдлөлтийн хүчийг хоёр үзүүлэлтээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдөлж байгаа төв хэсгийг хэмждэг үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр, хүнд болон барилга, байгууламжид мэдрэгдэж байгааг нь баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг бөгөөд газар гурваас бага магнитудын хүчтэй хөдлөхөд хүмүүст онцгой мэдрэгддэггүй бол долоогоос дээш магнитудад хүрэхэд том талбайг хамарсан сүйрэл болдог аж.
У.Цэцэг